Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018.08.16

Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АЙРАГ СУМЫН СУРГУУЛИЙН ДЭЭВЭР НУРЖ, ХИЧЭЭЛ ЭХЛЭХ 
БОЛОЛЦООГҮЙ БОЛСОН-

-2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан салбар яамнаас бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байна вэ?

-2018 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор Дэд сайдаар ахлуулсан баг зүүн болон хангайн бүсийн найман аймагт очиж ажилласан. Мөн нийслэлийн есөн дүүрэгт есөн ажлын хэсэг ажиллаад дүнгээ нэгтгэж, өнгөрсөн пүрэв гаригт шуурхай хуралдаанаар танилцуулсан. Ажлын хэсгүүдийн дүгнэлтээс үзэхэд ажил сайжруулах, эрчимжүүлэх, цэвэрлэгээ хийхтэй холбоотой асуудал нэлээн байна. Тендерт шалгарсан компаниудын тухайд сайн ажиллаж байгаа нэг хэсэг байгаа боловч ажлаа хугацаандаа хийж, гүйцэтгэх бололцоогүй, материалаа татаагүй, тендер аваад алга болчихсон, ажлаа дөнгөж эхлүүлээд зогсоосон компаниуд байна. Тийм учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүн долоо хоногийн дараа дахин очиж, ямар өөрчлөлт гарсныг шалгана. Тухайлбал, миний бие Сонгинохайрхан дүүрэгт ажилласан. Тус дүүргийн 12 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл үнэхээр хангалтгүй байна. Ойрын үед өөрийн биеэр очиж дахин шалгана.

-Аймаг, орон нутгуудад сургууль цэцэрлэгийн асуудал  нь хүндэрсэн тохиолдлууд хэр их байгаа вэ?

-Энэ жил хур бороо элбэг, усархаг жил байлаа. Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр цэцэрлэг, Дорноговь аймгийн Айраг сумын 2015 онд ашиглалтад орсон барилга чанаргүй байсан учир үерийг давж чадалгүй дээвэр нь нурж, хичээл эхлэх бололцоогүй болсон байх жишээтэй. Тиймээс орон нутгийн удирдлагуудтай холбогдож, яаралтай арга хэмжээ аван, яамнаас ямар дэмжлэг үзүүлэхээр байна, орон нутаг юу хийх талаар үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Мөн Баян-Өлгийд болсон үертэй холбоотойгоор зарим сургууль, цэцэрлэгт асуудал үүссэн байна. Ер нь өвөл хаяанд ирсэн энэ үед өвөлжилтийнхөө бэлтгэл ажлыг хангах шаардлагатай. Үндсэндээ өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгө, санхүү хэрэгтэй байна гэдэг саналыг орон нутгийн удирдлагууд болон сургууль, цэцэрлэгийн эрхлэгчдээс ирүүлсэн. Одоогоор тендер шалгаруулалт эхэлсэн байна. Тиймээс тендерийг хамгийн бага үнийн саналаар шалгаруулж, оны сүүлээр түүнээс хэмнэгдсэн мөнгө гарвал дээр дурдсан асуудлаа шийдэх гаргалгаа гаргасан байна.

-Энэ хичээлийн жилд улсын хичнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орох вэ?

-2018 оны улсын төсөв, Хятад улсын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл гэсэн гурван санхүүгийн эх үүсвэрээр 142 цэцэрлэг буюу 20 гаруй мянган хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад оруулахаар хөрөнгийн эхний санхүүжилт энэ онд шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, эдгээр цэцэрлэгийн 90 орчим хувь нь ирэх жилийн хичээлийн шинэ жилээр ашиглалтад орох юм. Харин энэ жил Улаанбаатар хотод есөн цэцэрлэг шинээр нээгдэнэ. Мөн хөдөө орон нутагт гурван сургуулийн өргөтгөл нээгдэх юм. Түүнчлэн энэ ондоо буюу энэ жилийн арванхоёрдугаар сарын 31-нд багтааж Улаанбаатар хотод хоёр сургуулийн өргөтгөл ашиглалтад орох юм. Бусад сургууль цэцэрлэгийн тухайд энэ жилийн төсөвт 500-900 сая төгрөгийн эхний санхүүжилтийн мөнгө тавигдсан. Он дамжиж ирэх хичээлийн шинэ жилээр дээр дурдсан 142 цэцэрлэг бүрэн, 97 сургуулийн өргөтгөл шийдэгдэхээр байна. Сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор намын мөрийн хөтөлбөрт байгаа гурван ээлжээр хичээллэж байгаа бүх сургууль хоёр ээлжинд шилжинэ. 

-“НАРНЫ ХОРООЛОЛ”-ЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ХУДАЛДАЖ АВАХ 
САНАЛЫГ ЯАМ АНХ ГАРГААГҮЙ

-Засгийн газраас “Нарны хороолол”-д байрлах цэцэрлэг, сургуулийг төрд авах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан таныг Б.Чойжилсүрэн гишүүний бизнесийг дэмжлээ гэж шүүмжилж байна?

-“Нарны хороолол”-д баригдсан сургууль, цэцэрлэгийг худалдаж авах саналыг яам санаачилж, Засгийн газарт оруулаагүй. Сургууль, цэцэрлэгтэй гэсэн учир тус хорооллын цэцэрлэг сургуульд хүүхдээ явуулна гэж сонголтоо хийсэн 5700 иргэнээс УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, манай яамны мэргэжилтнүүдэд удаа дараа гарын үсэгтэй шаардах бичиг ирсэн. “Сургууль, цэцэрлэгийг улсдаа авна уу”, “Бид сургууль, цэцэрлэгтэй гэсэн учир өндөр үнэтэй байр худалдаж авсан. Тиймээс бид хувийн төлбөртэй, цэцэрлэг, сургуульд хүүхдээ явуулж чадахгүй. Иймд тус цэцэрлэг, сургуулийг улс авна уу” гэсэн хүсэлтийг иргэд тавьсныг хуулийн дагуу санал боловсруулж оруулсан юм. Тавдугаар сард ажлын хэсэг гарч тус сургууль, цэцэрлэгийн цогцолборт ажилласан. Дараа нь эцэг, эхийн төлөөллийг оролцуулан компани, Барилга хөгжлийн төв, Сангийн яам, манай яамнаас бүрдсэн ажлын хэсэг сургууль, цэцэрлэгийн үнэ, өртөг, ямар материал орж, ямар зургаар хийсэн бэ гэдгийг шалгасан. Ингээд хоёр ажлын хэсэг ажилласны үр дүнд бид боловсруулсан асуудлаа журмын дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Яаралтай шийдэхгүй бол эцэг эхчүүд өнгөрсөн 10-нд тайван жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэн байв. Тиймээс Засгийн газраас сургуулийг есдүгээр сарын 1-нд нээж, хүүхдүүдээ хүлээж авахыг надад зөвшөөрч, харин тухайн сургуулийн үнэ хөрөнгө, хэдэн төгрөгөөр худалдаж авах асуудлаар Сангийн яам, Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн хүмүүс үнэлгээгээ дахин хийж, үнийн дүнг нь Засгийн газрын хуралдаанаар дахин оруулах шийдвэр гаргасан.

-Хувийн хэвшлийн барьсан барилгыг төр хэт өндөр үнээр авах гэж байна гэсэн шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?

-Өндөр үнэтэй гэдэг асуудал яригдаж байгаа. Анх тавдугаар сард ажлын хэсэг байгуулагдах үеэр тухайн сургууль, цэцэрлэгийг барьсан компани 960 хүүхдийн орон тоотой сургууль, 280 хүүхдийн ортой цэцэрлэгийг нийтэд нь 21 тэрбум төгрөгөөр үнэлж, саналаа ирүүлсэн байдаг. Ажлын хэсэг ажилласны дараа үнэлгээнээс хасалт хийж, хоёр талаасаа зөвшилцөн, мэргэжлийн төвшинд удирдамжийн дагуу ажиллаад Засгийн газрын хуралдаанаар оруулахдаа 17.8 тэрбум төгрөг болгож, үнийн дүнг гурван тэрбум гаруй төгрөгөөр бууруулсан. Үнийн асуудлыг Засгийн газар хоёр дахь удаагаа буцаасан нь дахин буурна гэсэн үг. Ер нь 960 хүүхдийг нэг ээлжинд авах сургууль гэдэг нь хоёр ээлжээр бодохоор 2000 орчим хүүхдийн асуудал шийдэгдэж байна. 280 хүүхдийн ортой цэцэрлэг бидний одоогийн практикаар 450-500 хүүхэд хүлээж авах боломж нээгдэнэ. Түүнчлэн “Нарны хороолол”-д байгаа хүүхдүүд бус Алтай хотхон зэрэг зэргэлдээх хорооллын хүүхдүүд энэ сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна.

-Энэ хичээлийн жилээс яг албан ёсоор улсын сургуулийн жишгээр үйл ажиллагаа нь явах уу?

-Яам хуулийн дагуу сургууль, цэцэрлэгийг хүлээж авч байгаа учир тухайн сургуулийн дугаарыг авах хүсэлтээ нийслэлийн Захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдод тавьсан. Өнгөрсөн долоо хоногт 141 дүгээр сургууль гэсэн дугаар ирсэн. Иймд хуулийн хүрээнд АТГ руу бичгээ явуулж, үндсэндээ удирдлага томилох асуудал шийдэгдэж байна. Эцэг, эхчүүд өнөөдрийг хүртэл “Хүүхдүүдээ хүлээж авах хэвээрээ юу”, “Биднийг дахин хуурахгүй биз дээ”, “Хичээл эхлэх цаг болсон байна. Та нар шийдвэрээ гаргаж байна уу” гэсэн захидал ирсээр байна. Иймд захирал томилогдсоны дараа бага, дунд, ахлах ангийн сургалтын менежерээ томилж, хүүхдүүдээ бүртгэнэ. Хичээл ямар ч байсан эхэлнэ.

-Тэгэхээр төрөөс яг хэдэн тэрбум төгрөгөөр худалдан авах эцсийн шийдвэр гараагүй гэсэн үг үү?

-Санхүү, хөрөнгө мөнгөний тухай асуудлыг Сангийн яам л эцэслэн шийднэ. Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар баригдсан тус барилгын худалдан авалтад сайд оролцох ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Худалдан авалтын явцад сайдын хувиар оролцох шаардлага ч надад байхгүй гэдгийг хэлмээр байна. Б.Чойжилсүрэн гишүүнтэй нэг танхимд сууж байгаа учраас бид нэгнийхээ асуудлыг шийдэж байгаа юм шиг олон нийтэд харагдаж байж магадгүй. “Хурд” группийн гүйцэтгэгч компанийн л барьсан барилга гэдгээрээ ингэж харагдаад байна.

-УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн танаас уг барилгыг худалдан авахыг хүсч, хувийн шугамаар гуйсан зүйл байгаа юу?

-Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй. Тийм зүйл байхгүй. Засгийн газрын хуралдаан дээр “Тухайн байрны оршин суугчдаас хүсэлт маш их ирж байна. Ц.Цогзолмаа сайд яаралтай энэ асуудлыг шийд” гэж Ерөнхий сайд хуулийн хүрээнд надад үүрэг өгсөн. Энэ дагуу л процесс өрнөсөн юм.

-АРГА ЗҮЙЧ НАРТ САЙДЫН ХУВИАР Л ШААРДЛАГА ТАВЬЖ, ТАЙЛБАР ХИЙСЭН-

-Таныг өөртэйгөө “Босож мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар дөрвөн мэргэжилтнийг ажлаас нь халах чиглэл өгсөн гэх мэдээллийг багш нар өгч байна. Энэ асуудал дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Өнгөрсөн жил би нэг томоохон ажил амлаж, саяхан ард нь гарсан. Тэр юу вэ гэхээр, 2017 оны сүүлээр Эрүүл мэндийн сайдтайгаа хамтарч, 2018 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сүүлийн 7-8 жил тасраад байсан Эрүүл мэндийн хичээлийг оруулах зорилт байсан юм. Ингээд хоёр яам хамтран, ажлын хэсэг байгуулж, бүх бэлтгэлээ хангаснаар энэ хичээлийн жилээс 4-12 дугаар ангийн хүүхдүүдэд Эрүүл мэндийн хичээл орох гэж байна. Энэ нь хүүхдүүдэд маш сайн үр дагавар авчирна. Бид бүтэн таван сар шаргуу ажилласны хүчинд хичээлийн хөтөлбөр болон сурах бичгээ бэлдэж амжлаа. Энэ бэлтгэл ажлын хүрээнд даваа гаригт 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргээс ирсэн Эрүүл мэндийн хичээлийг заах сургагчдынхаа хичээлийн нээлтэд оролцсон юм. Үүнийхээ дараа Багшийн мэргэжил дээшлүүлэх инстүтицийн ажил байдал, сургалтын өрөөнүүдтэй явж танилцсан.

-Яг бодит байдал дээр юу болсон бэ?

-Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйч нар бусад багш нараа дагуулдаг, илүү ёс зүй, харилцааны соёлтой хүмүүс байх ёстой. Ингэж байж ирсэн багш нарын хандлагыг өөрийнхөө үлгэрээр өөрчилнө. Зөв мэдээлэл өгч, мэргэжлийн ёс зүйн хувьд дагуулах учиртай. Наад зах нь хүнтэй зөв харилцах хэрэгтэй. Тэнд хэдэн багш нар арга зүйчдээ хүлээгээд сууж байна. Гэтэл өөр нэг өрөөнд хэдэн арга зүйч сууж байгаа юм. Тэнд үйлчлэх ёстой багш нь ирчихсэн л бол мэдээллээр хангаад, тэдэнд үйлчлээд гаргах нь арга зүйч нарын үүрэг. Тэр дөрвөн нөхөр хоорондоо юу ярьж байгаа нь ч мэдэгдэхгүй сууж байхаар нь “Та нарыг хүмүүс хүлээгээд байгаа юм биш үү. Ажлаа хийж байгаа юм бол багш нартайгаа ажилла. Ер нь ажлын байран дээрх хариуцлага, сахилгыг Засгийн газар сайжруулах шаардлага тавьж байна. Ийм байхад та нар багш нарт ч үйлчлээгүй сууцгааж байна. Бид үйлчилж байгаа хүмүүстэйгээ босож мэндэлж, тэднийг сонсох ёстой. Ажлын цагаар ингэж суух нь зөв дүр зураг биш байна шүү” гэж хэлсэн. Ингэж хэлсэн нь бол үнэн.

-Та үнэхээр тэдгээр дөрвөн арга зүйчийг халах чиглэл өгсөн юм уу?

-Би тэр байгууллагын багш нарыг халах эрхгүй. Халах ч үгүй. Одоо очоод асуугаарай. Хэн ч халагдаагүй байгаа. Сайдын хувиар шаардлага тавьж, тайлбар хийсэн. Би сайдын хувиар “Цаашид ч олон багш нар та нараас зөвлөгөө авах гэж орж ирнэ. Орж ирсэн хүний асуудлыг  зөв сонсож, сайхан харилцаа үүсгэж чаддаг мэргэжлийн ёс зүйтэй бай”  гэж хэлсэн. Энэ шаардлагаа би цаашдаа ч тавина.

-Багш нар хичээлийн шинэ жилийн эхэнд ажил хаяна гэдгээ илэрхийлсэн. Салбарын сайд та шинэ хичээлийн жилийг ажил хаялтгүй угтах асуудалд хэрхэн анхаарч байна?

-Салбарын яамнаас Засгийн газарт багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэл дэх тооцоо судалгааг гаргаж танилцуулсан. Сангийн яаманд саналаа хүргүүлсэн байгаа. Саяхан Азийн хөгжлийн банкныхан салбарын яамдтай уулзаж, цалин нэмэгдүүлэх арга хэлбэрийн талаарх бидний тооцоог авч үзсэн. Ер нь багш нарын цалин нэмэх шийдвэрийг Ц.Цогзолмаа ганцаараа гаргахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Засгийн газар энэ асуудал дээр ОУВС-гийн өгсөн чиглэлийн дагуу тодорхой шийдвэр гаргах юм. Манай үйлдвэрчний эвлэлийнхэн мэдээлэл хийгээд зогсохгүй бидэнд албан хүсэлтээ ирүүлсэн. Энэ дагуу бид мэдээллээ өгсөн. Өмнөх жишгийн дагуу л бид ойлголцоод, нөхцөл байдлаа ярилцаад явна гэж бодож байна.

-Та салбарын сайдын хувиар Турк сургуулиудыг яамныхаа мэдэлд авах асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Би салбарын сайдын хувиар маш хатуу ганцхан байр суурин дээр байгаа гэдгээ хэлье. Турк сургуулиудад өнөөдрийг хүртэл олон мянган монгол хүүхэд суралцсан. Одоо ч монгол хүүхдүүд суралцаж байна. Би тэдгээр хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана. Бусад асуудлаа хуулийнхаа хүрээнд чиг үүргийн байгууллагууд нь гаргаад явна байх. Дэлхийн улс орнууд дахь ижил төстэй сургуулиудаа Турк улс тухайн улсад нь хүлээлгээд өгчихсөн байдаг юм билээ. Энэ жишгээрээ явах нь зөв л гэж болож байна. Мэдээж тухайн улсын хөрөнгөөр баригдсан учраас хуулийн дагуу шийдүүлэх боломж, нөхцөлөө гаргаад ирэх хэрэгтэй. Бид бас энэ асуудал дээр хуулийн хүрээнд ажиллахад бэлэн байна.

-Их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдлийн асуудлын тухайд?

-Их, дээд сургуулиудын төлбөрийг нэмэх шийдвэрийг сайд гаргадаггүй. Хуулиараа тухайн сургуулийн ТУЗ шийддэг. Шийдвэр гаргахдаа оюутнуудын саналыг заавал авах ёстой. Хуулийн ийм зохицуулалттай. Сайдын хувиар хавар төлбөр нэмэгдэх мэдээлэл гарсан даруйд “Иргэдийн орлого нэмэгдээгүй, хямрал үргэлжилж байгаа учраас төлбөр нэмэх асуудалд хуулийн хүрээнд болгоомжтой хандана уу” гэсэн чиглэл өгсөн. Огцом нэмсэн тохиолдолд би асуудлыг дахин нягтлана гэдгээ мэдэгдсэн.

-Энэ хичээлийн шинэ жилд сурах бичгийн асуудал хэр хүндрэхээр байна вэ?

-Сурах бичиг дээр жил бүр асуудал үүсдэг юм билээ. Жилийн жилд яригдаж байдаг сэдэв болчихсон байгаа юм. Миний хувьд заавал монополь болчихсон хэдхэн компаниар хэвлүүлэхийг чухалчлахгүй гэсэн байр суурьтай байна. Зөвхөн сурах бичгээр амьдардаг компани ч байна. Сурагчдад хямд төсөр үнээр сурах бичгээ худалдан авах боломжийг бүрдүүлэхийн тулд чөлөөт өрсөлдөөнийг нь тэлэх хэрэгтэй гэсэн зарчим барьж байна.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН