Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орлогч захирал Др.Касай Такешиг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.07.31) Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн орлогч захирал Др.Касай Такеши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Япон Улсын Засгийн газраас Др.Касай Такешиг ирэх онд болох ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлээд байгаа юм.
Уулзалтын эхэнд НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад ДЭМБ-ын “Бүх нийтээр эрүүл байх” стратегийн зорилтын хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газар идэвхитэй ажиллаж байгааг тэмдэглэв.
Мөн тэрбээр, ДЭМБ Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлт өөрчлөлтийг тууштай дэмжин, байнга туслалцаа дэмжлэг үзүүлдэг хамгийн чухал донор байгууллагуудын нэг. Энэ удаагийн УИХ, Засгийн газар “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө эрүүл мэндийн салбарт хамгийн том зорилтуудаа тавьсан. ДЭМБ-ын “Нэг ч хүнийг орхигдуулахгүй” гэсэн зорилт, зорилготой нэг байгаа.
Тухайлбал, “Элэг бүтэн Монгол”, “Сүрьеэгүй Монгол” зэрэг үндэсний хөтөлбөрийг батлан, амжилттай эхлүүлээд байгаа. Миний бие УИХ дахь “Сүрьеэгийн эсрэг” лобби бүлгийг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн өөрийн сонгогдсон тойрог болох Архангай аймагт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн жижиг хувилбарыг орон нутгийн онцлогт тохируулан амжилттай хэрэгжүүлж, 40-65 насныхны дундах элэгний өвчлөлийг бүрэн илрүүлээд эмчилсэн. Цаашлаад дараагийн үе шат болгож улс орон даяар хэрэгжүүлэх тал дээр ажиллаж байна. Архангай аймагт хэрэгжүүлсэн жижиг хэмжээний хөтөлбөрийн үр дүнг ДЭМБ-ын шинжээчид сайн гэж үнэлж, олон улсын элэгний эмч нарын томоохон хурал, зөвлөгөөн дээр жишиг болгон хэлэлцэж байгаа нь бидний хэрэгжүүлсэн төсөл амжилттай болсны нэг илрэл гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас халдварт болон халдварт бус өвчний эсрэг олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Манай улс гурван сая гаруй хүн амтай. Ийм хэмжээний хүн амд бодлого нь тодорхой, хэрэгжилт нь үр дүнтэй байвал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн нэг бүрт хүргэх бололцоотой гэдгийг онцлон дурдлаа.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орлогч захирал Др.Касай Такеши цаг гарган, найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад Байнгын хорооны даргад талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар нь ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв.
Үргэлжлүүлэн, “Танай улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, элэгний С вирусыг устгах бүрэн бололцоотой. Миний бие ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын албан тушаалд нэр дэвшиж байгаа бөгөөд хэрэв сонгогдвол Азийн баруун бүсийг аюулгүй, эрүүл мэндийн хувьд тогтвортой байлгах тал дээр анхаарч ажиллана. Өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвүүдэд ажилласан. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбар мэдэгдэхүйц сайжирч, олон улсад өрсөлдөх хэмжээнд хүртлээ хөгжсөнийг хараад бахархах сэтгэл төрж байлаа” гэв.
“Монгол Улс 1962 онд ДЭМБ гишүүнээр элсэн орсноос хойш хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсээр байгаа. ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар Байнгын хороотой нягт хамтран ажилладаг. Цаашид халдварт өвчнийг бууруулах чиглэлд ДЭМБ-аас түлхүү анхаарч ажиллахыг хүсье. Бидний хувьд туршлагатай, олон жил ДЭМБ-д үр бүтээлтэй ажилласан таныг Бүсийн захирлын албан тушаалд нэр дэвшиж байгаад баяртай байна. Монгол, Япон хоёр улс зүрх сэтгэлээрээ ойр байдаг. Япон бол манай хамгийн анхны хандивлагч гуравдагч хөрш улс. Манай хоёр улсын ард түмэн бие биедээ дотно сэтгэлээр хандаж, зовсон цагт нэгэндээ тусламж, дэмжлэгээ үзүүлдэг сайхан уламжлалтай. Энэ ч үүднээс таныг Монгол Улсын зүгээс дэмжин ажиллах болно” хэмээгээд ажлын амжилт хүсэв.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орлогч захирал Др.Касай Такеши хариу талархал илэрхийлээд ДЭМБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг бүхий л талаар дэмжин ажиллахаа хэлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.