УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Л.Болд нар Элчин сайд Трайан Лаурентий Христеаг хүлээн авч уулзав
2018.07.31

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Л.Болд нар Элчин сайд Трайан Лаурентий Христеаг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Л.Болд нар өнөөдөр (2018.07.30) Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд ноён Трайан Лаурентий Христеаг хүлээн авч уулзав.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Элчин сайд Трайан Лаурентий Христеатай дахин уулзсандаа баяртай буйгаа илэрхийлээд Монгол Улсын Их Хурал өөрийн “гуравдагч хөрш” Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөгийг тэмдэглэв.

Уулзалтаар талууд Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсоны зэрэгцээирэх есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Европын парламентын гишүүдийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд хийгдэх ажлуудын талаар ярилцсан юм. 

Талууд энэ оны 4 дүгээр сард Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдсан Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 18 дугаар хуралдааны үеэр ярьсан зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлд нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглээд энэ удаагийн Европын парламентын гишүүдийн айлчлалын хүрээнд нийгэм, улс төр, эдийн засаг, хүний эрхийн асуудлыг ярилцахын зэрэгцээ хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр түлхүү анхаарах нь зүйтэй болохыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Л.Болд нар  хэлсэн үгэндээ онцлов. 

Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд ноён Трайан Лаурентий Христеа УИХ-ын гишүүдэд цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Европын холбоо, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа жил ирэх тутам өргөжин хөгжиж байгааг тэмдэглэсэн юм. Тэрээр, “Европын холбоо, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах тал дээр анхаарч ажилладаг. Энэ удаагийн Европын парламентын гишүүдийн айлчлалын хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааны олон асуудлыг хөндөн ярилцаж, оновчтой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Айлчлалын хүрээнд ярилцаж, санал солилцох сэдвийн хувьд та бүхний саналыг дэмжиж байна” гэв.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монгол Улсад Европын сэргээн босголтын банк, Европын хөрөнгө оруулалтын банкны шугамаар олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа.Европын Холбоо жижиг, эмзэг эдийн засагтай, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын худалдаанд учирч байгаа бэрхшээлийг онцлон авч үзэж, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг дэмжих чиглэлээр худалдааны бодлого явуулдаг. Энэхүү үзэл баримтлалын хүрээнд Хөнгөлөлтийн ерөнхий системийн (ХЕС) шинэ журмаар ”сайн засаглал, тогтвортой хөгжлийн” болзлыг хангасан эмзэг эдийн засагтай орныг ХЕС-т хамруулж, 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх шинэ хөнгөлөлтийг /GSP+/ бий болгосон. Монгол Улс, Европын Холбооны хооронд өмнө нь байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдээ идэвхижүүлэх, экспорт, импорт, бизнесийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарахыг Элчин сайдаас хүслээ. Мөн Монгол Улс бүс нутгийн төдийгүй, дэлхийн нийгэм, эдийн засгийн интегралчлалд  өөрийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлж, дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж байна. Үүний хүрээнд Монгол, Орос, Хятад гурван улсын  “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлууд эхнээсээ биелэгдэж, УИХ-ын хаврын чуулганаар “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталлаа. Цаашлаад Эдийн засгийн коридорыг байгуулах гурван улсын хооронд 32 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Удахгүй бүгд бодит ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улс, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх онд тохионо. Европын холбооноос манай улсад байнгын суух Элчин сайдыг томилсон нь бидний харилцаа улам бүр нягт хөгжиж байгаагийн тод илрэл хэмээгээд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа онцлон тэмдэглэв.  

Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны наймдугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтож, Европын Холбооны Төлөөлөгчийн газар манай улсыг Бээжингээс хавсран ажиллаж байгаад 2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрөөс Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байсан юм. Ноён Траян Лауренцю Христеа Европын Холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайд юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.