JCI Монгол, JCI Солонгос байгууллагууд нийгэмд хандсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд санал нэгдлээ
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.07.31) манай улсад зочилж буй JCI Солонгос байгууллагын 2018 оны үндэсний ерөнхийлөгч Ким Га Рам тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг уулзалтын эхэнд “Залуучуудыг сайн сайхан үйл, эерэг өөрчлөлт бүтээх тэмүүлэлтэй болгон хөгжүүлэх зорилгод JCI байгууллагын үйл ажиллагаа чиглэдэг” гээд хоёр орны JCI байгууллагын олон жилийн тууштай хамтын ажиллагааны үр дүнд манай улсад цөөнгүй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэнд залуучуудын хөгжлийн асуудлыг хариуцдаг УИХ-ын Байнгын хорооны даргын хувьд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв.
Мөн эерэг өөрчлөлтийг бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох үндсэн зорилгынхоо хүрээнд хоёр улсын залуучуудын харилцааг идэвхжүүлж, ялангуяа бизнесийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр байгууллагын оруулж буй хувь нэмрийг тэмдэглээд, цаашид нийгэмд хандсан, залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг нэмж хэрэгжүүлэн харилцаагаа хөгжүүлэхийг хүссэн юм.
JCI Солонгос байгууллагын 2018 оны үндэсний ерөнхийлөгч Ким Га Рам, JCI Солонгос, JCI Монгол байгууллагууд хоёр улсын залуусын идэвхтэй харилцааг өргөжүүлэх ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэх тал дээр санал нэгдэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
JCI Монгол, JCI Солонгос байгууллагууд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран тус төвийн 1987 оноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй байсан Дутуу нярайн тасагт иж бүрэн засвар хийж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тохижуулж ашиглалтанд оруулсан"Save Life" төслийг үе шаттай амжилттай хэрэгжүүлснийг уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг онцлон тэмдэглэв.
JCI Солонгос байгууллагын төлөөлөгчид манай улстай хамтран хэрэгжүүлж буй төслийн нээлтэд оролцохоор хүрэлцэн ирсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.