Салбартаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнав
2018.07.20

Салбартаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр гардууллаа.

Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол НЗДТГ-т болж, салбар, салбартаа хөдөлмөр бүтээлээрээ тэргүүлсэн иргэдэд шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан гардуулан өгөв. Тухайлбал, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор НЕТГ-ын хяналтын инженер Б.Батзоригт, Улаанбаатар хот дахь Архангай аймгийн уран бүтээлчдийн Тайхар нэгдлийн жүжигчин Ч.Лхагвахүү, “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Баянгол дүүргийн өндөр настан Ч.Мөнхсүрэн зэрэг, Алтангадас” одонгоор Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны Гүйцэтгэх захирал, хөнгөн атлетикийн дасгалжуулагч С.Өнөрбаяр, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн ерөнхий нягтлан бодогч Ч.Рэгзэдмаа, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн багш Ж.Төмөрчөдөр, Хөдөлмөрийн хүндэт медалиар сэтгүүлч Г.Алтантүрүү, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Гемодиализийн тасгийн эрхлэгч Д.Мөнхзул нарын 20 гаруй хүнийг шагналаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан баяр хүргэж, үг хэлэхдээ “Улс орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ хамт олон, нийгмээ тэргүүлж, төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаасан та бүхэндээ баяр хүргэж, нийслэлчүүдийнхээ өмнөөс хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ.