БСШУС-ын сайд НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа
Боловсол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Китахара Наоми-тай уулзлаа.
Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа бага ангийн багш нарыг бэлтгэх сургалтад НҮБ-ын Хүн амын сан дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ. Тэрээр ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийг чанартай зохион байгуулахад сургалтын орчны эрүүл ахуйн нөхцөлийг дэмжих, нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол, жендерт суурилсан хүчирхийллийн асуудлаар орон нутгийн сургагч багш бэлтгэхэд хамтран ажиллах талаар хатагтай Китахара Наоми-тай санал солилцлоо.
Бага ангийн багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжийг 11000 ш, суурь, бүрэн дунд боловсролын багш нарт сургалтын хөтөлбөр, зөвлөмжийг 19500ш хэвлэж мэргэжлийн багш нарт хүргэх ажлыг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хийж байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эх орныхоо түүх, соёлыг судлах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг оруулна” гэж тусгасан. Энэ ажлын хүрээнд БСШУС-ын сайд, ЭМЯ-ны сайдын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/004/А/01 хамтарсан тушаалаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан, сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран боловсруулж байгаа юм.
ЕБС-ийн 4-12 дугаар ангид хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн агуулгыг нийгмийн хэрэгцээ; орон нутаг, сургуулийн онцлог; суралцагчдад тулгамдаж буй асуудалд суурилсан дараах агуулгыг сонгон боловсруулж байна. Үүнд:
1. Хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй
2. Хооллолт, хөдөлгөөн
3. Сэтгэцийн эрүүл мэнд
4. Хорт зуршил
5. Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд
6. Осол гэмтэл зэрэг болно.