Ц.Даваасүрэн: Төвбанк нь "ЭЗЭН" шиг байдаг бол ийм хууль санаачлах шаардлагагүй байсан
2018.06.28

Ц.Даваасүрэн: Төвбанк нь "ЭЗЭН" шиг байдаг бол ийм хууль санаачлах шаардлагагүй байсан

УИХ-ын нэгдсэн чуулганаар Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг  хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. 

Энэхүү төсөл нь зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна  гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг дэмжээгүй байгаа юм. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төслийг  санаа зөв ч арга нь буруу байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 

Агуулгыг нь дэмжиж байгаа юм. Гэхдээ арга замуудын хувьд аргаа барсан, захиргаадлын хэлбэртэй болчихоод байна. Монголбанк нь банкнуудыгаа "эзэн" шиг л аваад явчихдаг бол өөр хэрэг л дээ. Тухайлбал, ХХБ-ын гол эзэмшигч нь 2,3 банк эзэмшиж, Төв банкныхаа хуулийг зөрчөөд явж байхад ямар ч арга хэмжээ авч чадахгүй, өмнө нь сөхрөөд л явж байна. Нэг банкны өмнө сөхөрчхөөд явж байгаа тийм л Төвбанктай. Төв банкны үйл ажиллагаа сул байгаатай холбогдуулан гишүүд арга бараад ийм хууль санаачлаж байгаа байх. 

Дэлхийн жишигт сонгомол 2 арга байгаа

Нэгдүгээр, хадгаламжаас өөр хямд эх үүсвэр бүрдүүлэх, хоёрдугаарт, шууд зээллэгээний тогтолцоо буюу хөрөнгийн биржийн тогтолцоог хэлбэрээр бий болгох.

Хямд эх үүсвэрийг хэрхэн бий болгох вэ гэхээр гадны банкыг оруулж ирэх тухай л асуудал байгаа юм. Гэтэл бид гадны банк оруулж ирэхийг өөрсдөө түлхчихээд сууж байгаа. Хамгийн том төсөл болох Оюутолгойн мөнгө гадуур байх жишээтэй. Тэгээд санхүүгийн гол гол байгууллага нь үүнийг зөвтгөөд сууж байгаа. Энэ мөнгө Монголоор орж байсан бол бид ийм зүйл яриад суухгүй байсан. Ингэж төслийг оруулж ирсэн бол зөв байсан. Хэрэв Оюутолгой ингэж Монголоор мөнгөө оруулж байсан бол үүнийг дагаад аль хэдийн гадны банк ороод ирэх байсан. Гэтэл бид өөрсдөө үүнийг хаасан.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn