Л.Болд: Төрийн өмчийг бөөнд нь хувьчлахаар маш хариуцлагагүй хэлэлцэж байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Энэ хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Л.Болд МАН-ынхан Төрийн өмчийг олноор нь хувьчлах гэж буйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.
Түүний хэлсэн үгийг хүргэж байна.
Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал дээр нэг бүрчлэн нухацтай ярилцсан. Ийнхүү нэг бүрчлэн ярилцсан нь маш зөв байсан гэж бодож байгаа. Учир нь улс орны хувь заяаг шийдэх ийм салбаруудын хувьчлалын асуудал учир нэг нэгээр нь ярилцаж, ойлголт, чиглэлүүдээ тодорхой болгосон. Гэтэл Эдийн засгийн Байнгын хорооны хурал дээр ганцхан асуудал болгоод оруулж ирээд, бүхэл нь яриад, заримыг нь асуугаад, хариулахыг нь хариулаад, хариулах сонирхолгүй байгаа асуудлаа мартуулаад хариуцлагагүй хэлэлцүүлэг хийж байна. Уг асуудлаар аль нэг намын төлөөллөөс ороод ажлын хэсэг гарна гэж ойлголоо. Ажлын хэсэг нэлээд хариуцлагатай ажиллахгүй бол болохгүй шүү гэдгийг хэлмээр байна.
Ер нь энэ Их хурлаас эхлээд компаничилсан хэлэлцүүлгүүдийг хийдэг байдлыг болих хэрэгтэй байна. Бид 1990-ээд онд иймэрхүү компаничилсан хувьчлалуудыг хийсэн. Тухайн үед 100 хувь төрийн өмчтэй нийгмээс 2-3 үе шатаар зах зээлийн нийгэм рүү шилжсэн учир тайлбарлаж болно. Үрэгдсэн зүйл олон ч, бий болсон зүйл ч олон байгаа. 100 хувь төрийн өмчөөс баялаг бүтээгддэг байсан бол өнөөдөр 80 гаруй хувь нь хувийн өмчөөс бүтээгдэж байна. Энэ нь бидний хамгийн том ололт. Харин одоо компаничлах асуудал үлдээгүй. Та бүхэн энэ хувьчлах гэж байгаа байгууллагуудынхаа жагсаалтыг сайтар хар. Компаничилж хувьчлаад 60 хувийг нь онож, 40 хувийг нь алдсан гэж тооцоод үз. Тэгвэл эдгээрээс юу алдаж болох вэ.
Зам засвар арчлалтын компаниудыг буруу хувьчлаад алдаа гаргачихлаа гэхэд Монгол Улс замгүй болох нь. Үүнээс болж иргэн бүр хохирох гээд байна. Манай улс шиг ийм байршилтай улс орон өөрийн агаарын тээвэргүй МИАТ-ын хувьчлал нь буруутаад гадны компани тодорхой хувь эзэлдэг болоод, манай нисэх онгоцнуудыг гадаадад байхад нь баривчилбал яах юм. Хэн хариуцлага хүлээх юм. Ийм тархай бутархай уудам нутагтай орон шуудан харилцааныхаа асуудлыг хувьчлаад, буруу гарт өгчихвөл яах юм.
Монгол шуудан дампуурчихвал Монгол Улс харилцаа холбоо шуудангийн үйлчилгээгүй болох юм уу. Манай Улс хөдөө аж ахуйн орон биз дээ. Хөдөө аж ахуйн түүхий эд Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн байтал буруу хувьчлал явуулчихвал яах юм гээд дандаа Монгол Улсын хувь заяаг шийдэх асуудал байна. Гэтэл ийм асуудлуудыг бид бөөнөөр нь яриад сууж болж байгаа юм уу.
Хувьчлах байгууллагуудаа нэг нэгээр нь оруулан ирж, салбар бүрийн хувь заяаг нь шийдэх учиртай. Гэтэл наймаалцаж, тохиролцоод, “Чи энийг нь ав, би энийг нь авна” гэсэн хардлага дор улсын хувь заяаг шийдэх асуудлыг компаничилж огт болохгүй. Би хувьдаа нэг дор ийм олон байгууллага, компаниудыг хувьчлахаар шуударч байгааг эсэргүүцэж байна...