“Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн боллоо
2018.05.31

“Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн боллоо

Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, А.Ундраа, Ж.Эрдэнэбат нартай хамтран Зам , тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн өнөөдөр /2018.05.30/ зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, нийт 800 гаруй зочид төлөөлөгчид оролцож салбарынхаа тулгамдсан асуудалд дуу хоолойгоо хүргэж байна.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын гадаад хамтын ажиллагаанд таатай орчин бүрдэж байна

Зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 80 жилийн түүхтэй төмөр замын салбарын түүхэн замнал, салбарын бодлого, өнөөгийн байдал, ололт амжилт, тулгамдаж буй асуудал болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлсэн үгэндээ “Гадаад хамтын ажиллагаанд таатай орчин нөхцөл бүрдэж байна. Монгол улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар хэд хэдэн удаа уулзаж, Монголоор дайрсан эдийн засгийн корридор бий болгохоор тохиролцсон. Гурван улсын Тээврийн сайд нар уулзаж, асуудлаа хамтран хэлэлцдэг болсон. Тээврийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа төмөр замын тээврийг хөгжүүлэхэд ихээхэн үр дүн өгнө.

БНХАУ-ын гадаад худалдаанд нээлттэй, долоон далайн боомтыг ашиглах, Монгол-Хятадын хооронд байгуулах, төмөр замын хилийн дөрвөн боомтоос тээвэрлэх ачааны тодорхой хувийг Хятадын нутгаар хөнгөлөлттэй тарифаар, саадгүй дамжин өнгөрүүлэх урт хугацааны нөхцөлийг, мөн Ази-Европын хоорондын төмөр замын дамжин өнгөрөх тээврийг үе шаттайгаар, тогтвортой нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Засгийн газар хоорондын хэлэлцээр, баримт бичгүүдийг байгуулсан нь ихээхэн үр дүнгээ өгнө гэж үзэж байна" гэдгийг тэрбээр онцлов.