2018.06.05

УИХ-ын гишүүд байгаль орчноо хамгаалах үйлсэд манлайлна

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайд Н.Цэрэнбатын санаачлагаар, Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад байгаль дэлхийгээ хамгаалах, таниулах зорилготой “Хандлагаа өөрчилье” уриатай “Ногоон паспорт” аян хэрэгжиж эхлээд байгаа билээ.

Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 243 сургууль байдгаас тэдгээрт 85 орчим эко клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байдаг. Эдгээр Эко клубүүдийг түшиглэн аяныг өрнүүлж байгаа юм. 

Ногоон паспорт” аян нь эх дэлхий, байгаль орчинтойгоо зөв харилцах дадал хандлагыг бидний ирээдүй болсон хүүхэд залууст төлөвшүүлэхэд чиглэгдсэн, бодит үр дүн нь хэмжигдэхүйц төсөл гэж ойлгож болох юм. 

Харин энэ удаад УИХ-ын гишүүд энэ аянд нэгдэж, байгаль дэлхийгээ хайрлах, таниулах зорилгод нэгдлээ. 

“Ногоон паспорт" нь 12 хуудас бүхий жижиг дэвтэр юм. Хуудас бүр нь өөр өөр агуулгатай ба ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээ, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил гэх мэт 12 ажлыг тусгасан байгаа. Эдгээр ажлуудын сурагчид зааврын дагуу амьдралдаа хэрэгжүүлж, тус бүртээ оноо тавих юм. Ингэснээр амьдралын зөв дадал хэвшилтэй болохоос гадна сурагчдаар дамжуулан гэр бүл найз нөхдөд нь нөлөөлж, хандлагаа өөрчлөх боломжтой болж байгаа юм.

УИХ-ын гишүүд ч мөн эдгээр ажлуудыг зааврын дагуу амьдралдаа хэрэгжүүлж, иргэд сонгогчиддоо байгаль дэлхийгээ хайрлахад уриалан дуудаж, байгаль орчноо хамгаалах үйлсэд бодитой манлайлал үзүүлэх юм байна.