2018.05.11

Н.Нямбаатар:Монгол улсын төсвийн бүтэц, тогтолцоонд өөрчлөлт хийх үү?

УИХ-ын чуулганы /2018.05.11/ хуралдаанаар  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Нэгдсэн төсвийн нийт орлого 2018 онтой харьцуулахад 2019 онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд тогтмол буурах,  хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөллөө гэдгийг онцлов. Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021 онд -2.5 байхаар тус тус тооцжээ.

УИХ-ын гишүүн Н.Нямбаатар:

Монгол улсын төсвийн бүтэц, тогтолцоонд өөрчлөлт хийх үү? Яагаад гэхээр СХД татаас авдаг хэрнэ, хүн ам ихтэй. Орон нутгийн төсөв батлагдаагүй. Нийслэлээс авсан татаасаар ажил нь явдаг. Нэг дүүрэгт зориулаад төсвийн хууль дээр өөрчлөлт орвол боломжгүй, гажуудал үүснэ гэж зарим мэргэжилтнүүд хэлдэг. Үүнийг ямар арга замаар шийдэх вэ? Дүүргийн хөрөнгө оруулалт дээр анхаарахгүй бол хөгжлийн ялгаа арилахгүй байна.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар : Төсөв дээр бүтцийн өөрчлөлт орж байгаа. Тэгш шударга байх зарчим барьж байгаа. СХД зарлага нь орлогоосоо дандаа давдаг. Үүнийг нөхөхийн тулд татаасаар шийдээд явж байгаа. НИХ дээр онцгойлон санал оруулаад шийдээд явах боломж харагдаж байна.