2018.05.10

Д.Тэрбишдагва: Монголын төрийн тогтвортой үйл ажиллагаа алдагдаж байна

Өнөөдөр /2018.05.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслийг 2018 оны 4 сарын 19-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан оюуны өмчийн эрхүүдийг баталгаатай эдлүүлэх, түүнчлэн олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа учраас уг тогтоолд өөрчлөлт оруулж оюуны өмчийн байгууллагыг бие даан байгуулах шаардлагаар тогтоолын төсөл боловсруулжээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Монголын төрийн тогтвортой үйл ажиллагаа алдагдаж байна. Хоёр байгууллага нийлээд салаад байдаг. Үүний дараа гарах зардлын тооцоо гэж байна уу? Энэ удаагийн бүртгэлийн байгууллагыг тусад нь болгож байгааг дэмжиж байна. Гэхдээ олон удаа салж нийлж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа:

Энэ асуудлыг 3 удаа хэлэлцэх явцад зардлын асуудал яригдсан. Гэхдээ зардал мөнгө гарахгүй гэсэн хариултыг өгдөг. Тамга, тэмдэг, албан бичгийн зардал гарна гэдэг. Үүнийг төсвийн ерөнхийлөгч захирагч шийдээд явна.

Бүтцийн өөрчлөлт нэртэй нэг байгууллагыг нийлүүлээд салгадаг үүнийг цаашид анхаарах хэрэгтэй.

Эдийн засгийн үр нөлөө муу бас хөгжлийг ухраадаг асуудал юм.