С.Эрдэнэ хуулийн төслөө танилцууллаа
2018.05.01

С.Эрдэнэ хуулийн төслөө танилцууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо  /2018.05.01/ хуралдлаа.

Мөн хуралдаанаар Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн үзэл баримтлалыг хуулийн төслийг санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулсан юм.

Тэрбээр, Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах, хүний хөгжлийн дэвшилтэт замыг сонгох түүхэн үйл хэргүүдэд манлайлагчид ихээхэн үүргийг гүйцэтгэсээр ирснийг дурдаад, Ардчилсан Монгол Улсын үндэс суурийг тавьж, олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг зохион байгуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж Монголд Ардчилсан хувьсгал хийсэн анхдагчдаа төрийн зүгээс дэмжих нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагчдын нийгмийн асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нь хөгжлийн шаардлагаар урган гарсныг төрийн зүгээс анхаарах ёстой асуудлын нэг болоод байна гээд Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож, зохион байгуулалцаж явсан хот, хөдөөгийн олон мянган иргэн байснаас цөөнгүй нь төрөөс аливаа тусламж, дэмжлэг авч чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлээд байна гэлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ардчилсан хувьсгалын анхдагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ өнөөдрийн Монгол Улсын хөгжлийн алхамтай нийцүүлэн энэхүү хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болсон гэлээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3дахь заалтыг үндэслэн "Ардчилсан хувьсгалын анхдагчдадтөрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай" хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл гурван бүлэг, 10 зүйлтэй бөгөөд Монгол Улсын Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох, зогсоох, нөхөн төлүүлэх, болон түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ж.Батзандан үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд Ардчилсан хувьсгалын анхдагчид гэдэгт ямар хүмүүсийг багтаан ойлгох талаар тодруулж байлаа. Мөн хэдэн хүнд ямар тусламж, хөнгөлөлт үзүүлэхээр тооцсон бэ хэмээн лавласан. Ахмад настны тухай болон бусад халамжийн хуулиудад заасан хөнгөлөлт, тусламжтай давхацвал хэрхэх талаар ч асууж тодруулсан.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, “Ардчилсан хувьсгалын анхдагч” гэж 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэд холбоо, Монголын оюутны холбоог үүсгэн байгуулалцаж элссэн гишүүн, зохицуулагчид, үйл ажиллагаанд нь тэргүүн эгнээнд манлайлан оролцож байсан Монгол Улсын иргэнийг хэмээн хуулийн төсөлд тусгаад байгаа гэлээ. Түүнчлэн МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэд холбоо, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд Ардчиллын анхдагчийг үнэн зөв тодорхойлон Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр тусгажээ.

Урьдчилсан судалгаагаар Ардчилсан хувьсгалын анхдагч 1500 гаруй хүн байгаагаас өдгөө 1100 гаруй нь амьд сэрүүн байгаа гэсэн тоо гараад байгаа аж. Эдгээр хүмүүст сар бүр мөнгөн тусламж, дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх, буцах замын зардал жилд нэг удаа, нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа тусламж, хүнд өвчнөөр өвчилж өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх тохиолдолд зардлын 50 хувийг төрөөс төлөх, Ардчиллын анхдагчдад төрөөс нэг удаа 50 мкв орон сууц, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгө олгохоор төсөлд тусгасан байна. Гэхдээ эдгээр тусламж, хөнгөлөлт бусад халамжийн хуулиар олгогдож буй тусламж, дэмжлэгтэй давхацвал аль нэгийг нь олгохоор зохицуулсан хэмээн төсөл санаачлагч хариулсан юм.

Гишүүн ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.