Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга
2018.04.26

Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байхаар боллоо. Энэ удаа Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн инфографик, хуулийн танилцуулгын хамт толилуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД БАЙГУУЛСАН АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА 

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хавсралтад “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тусгасны дагуу гурван улсын төлөөлөл ОХУ-ын Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна.

Уг хэлэлцээр нь 20 зүйл, 3 хавсралтаас бүрдэх бөгөөд уг хэлэлцээрээр нэр томьёоны тайлбар, талуудын эрх, үүрэг, тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл, ерөнхий шаардлага, тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээ, татвар, даатгалын асуудал, тээвэрлэгч, жолоочийн хүлээх хариуцлага, Хамтарсан хороо байгуулах, хорооны ажлын удирдамж, чиг үүрэг зэрэг тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалт, баримтлах шаардлага, нөхцөлийг тус тус зохицуулсан байна.

Хэлэлцээрийн нэгдүгээр хавсралтад олон улсын автотээврийн замнал/маршрут ба хилийн боомтууд, хоёрдугаар хавсралтад олон улсын автотээврийн зөвшөөрлийн маягт, гуравдугаар хавсралтад хамтарсан хорооны ажлын удирдамжийг тус тус тусгасан байна.

 Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар дараах ач холбогдолтой:

  • Монголын тээвэрлэгчид гуравдагч улс руу тээвэрлэлт гүйцэтгэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болох;
  • Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа  тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэх;
  • Монгол Улсын гадаад  худалдаа өргөжиж, эдийн засагт эерэгээр нөлөөлөх;
  • Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх зэрэг.

Авто замын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэхтэй холбогдуулан Азийн авто замын сүлжээний АН3 болон АН4 авто замд орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах системийг нэвтрүүлэх, олон улсын авто замын дагуу жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төвийг байгуулах боломж бүрдэнэ.