Л.Энх-Амгалан: Гэрээ хэлэлцээр хийдэг, хэлсэн амандаа хүрдэггүй
Өнөөдөр /2018.04.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар МУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Бид том дүр зураг харах хэрэгтэй байна. Тооцоо судалгаатай зөв мэдээлэл өгөөч. Энэ хэлэлцээрийг хийгээд явахад замын ачаалал дийлэх үү? Тарифын хөнгөлөлт хэр төвшинд хийгдсэн бэ? Хятад болон ОХУ-ын газар нутаг дээр тарифын хөнгөлөлт хэр авах вэ? Ер нь манайхаас гарч байгаа тээврийн болон тээврийн хэрэгслээр гарч байгаа бараа бүтээгдэхүүнд өрсөлдөх чадвар байна уу?
Манайхан гэрээ хэлэлцээр хийдэг, тэгээд хэлсэн амандаа хүрдэггүй. Энэ юунаас болдог вэ? гэхээр төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажилдагтай холбоотой. ЗТХЯ гэрээ хийлээ. Мэргэжлийн хяналт, Хилийн цэрэг, ЗЦГ гээд бүх байгууллага өөрсдийнхөө дураар өндөр шаардлага тавьдаг. Манай төрийн байгууллагын хүнд суртлыг давна гэдэг хэцүү ш дээ. Дотоодын компаниуд байтугай, гадаадын компаниуд давж чаддаггүй. Олон гэрээ ингээд хэрэгжидгүй жишээ олон бий. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог судалсан уу?
ЗТХЯ-ны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Батболд хариуллаа.
ОХУ, Хятад улсын хооронд явж байгаа худалдааны эргэлт 2020 он гэхэд 200 тэрбум долларт хүрэх юм.
Манай улсын гадаад худалдаа 20 орчим хувиар нэмэгдэн гэсэн судалгаа бий. Чөлөөт бүс ашиглалтанд ороод ирэхээр 3-4 мянган ажлын байр бий болно гэж харж байна.Энэ хэлэлцээрийг ОХУ баталчихсан, Хятад улс удахгүй батлах юм. Манайх баталчихвал 8-9 сард тээвэрлэлтээ эхлэх боломжтой. Энэ хүрээд Замын үүд, Алтанбулаг чиглэлийн замын ачаалал 30 орчим хувиар нэмэгдэнэ. Үүний дагуу замынхан эхний ээлжинд УБ-аас Дархан чиглэлийн замыг өргөтгөх ажил, баруун бүсийн босоо замын шинэчлэлийн ажлыг дуусах талаар ажиллаж байна. Тухайн орны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд авто замын хураамж төлөхөөр байгаа өөр ямар нэгэн хураамж байхгүй.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төрийн байгууллагын уялдаа, холбоогүй ажиллагаанаас болж гэрээ, хэлэлцээр хэрэгждэггүй. Энэ асуудлыг анхаарах хэрэгтэй гэдгийг дахин сануулж байсан юм.