2018.04.26
Шадар сайд Ө.Энхтүвшиний саналыг ОХУ-ын Засгийн газрын орлогч Ю.П.Трутнев дэмжлээ
Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай оронд айлчилж буй ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнод тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутневтэй уулзаж ярилцлаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд хоёр сарын өмнө Москвад болсон 21 дүгээр хуралдааны үр дүнд хоёр тал харилцан тохирсон ажлуудыг бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Монгол Улс ОХУ-ын худалдааны эргэлтэд эзэлж буй экспортынхоо хэмжээг нэмэгдүүлэх, мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн зэрэг уламжлалт экспортыг сэргээх, Монгол дахь Оросын хөрөнгө оруулалтын хэмжээг үлэмж өсгөх чиглэлээр харилцан ашигтай ажиллах сонирхолтой байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийллээ. Ноён Ю.П.Трутнев “Манай хоёр улс хэн хэнийхээ хэрэгцээ шаардлага, ашиг сонирхлыг нарийн судалсны үндсэн дээр хамтын ажиллагааны чиглэлүүдээ шинээр тодорхойлох, илэн далангүй ярилцаж ойлголцох улс төрийн болоод эдийн засгийн бүрэн боломж бий” хэмээгээд ОХУ Монгол Улсын Засгийн газрыг Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдгийг энэ үеэр нотлов.
Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улс, ОХУ-ын Алс Дорнод бүсийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой төслүүдийг тодруулах, ложистикийн терминал зэрэг бусад нарийвчилсан судалгаа хийх зорилготой Ажлын хэсэг байгуулах саналыг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнод тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутневт дэвшүүллээ. “Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний саналыг дэмжиж байна” гэж ноён Ю.П.Трутнев хэлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.