Х.Нямбаатар: Амьдралд хэрэгжихгүй хуурай хуулийг өөрчлөх үү?
УИХ-ын чуулганы нэгдсэн /2018.04.20/ хуралдаанаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Хуулийн сурталчилгаа дутмаг, хүмүүст хүрээгүй. Одоогоор 18,2 хувь нь газраа авсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Амьдралд ойр биш хууль учраас хэрэгжихгүй байна. Хотоос 50 км зайд тог, цахилгаан, ундны усгүй газар хэн амьдрах вэ? Хуулийн хугацааг сунгасан болоод, та нар ажил хийсэн болоод нүглийн нүдийг гурилаар хуураад хэрэггүй. Энэ хуулийг амьдралд хэрэгцээтэй ойр болгож, өөрчилж орж ирж болох уу? Амьдралд хэрэг болгох хууль гаргамаар байна. Амьдралд хэрэгжихгүй хуурай хууль байна. Өнөөдрийн газрын үнэлгээ амьдралд нийцэж байна уу? Яаж шинэчлэх вэ? Газрыг намын харьяаллаар өмчлүүлээд байгаа юм уу? Дүүргүүдийн хувьд газар өмчлөл ямар хувьтай байна вэ?
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү:
Хуулийн төслийг оруулахдаа хугацаагүй байхаар бас иргэд ашиглаж болох газраа өөрсдөө сонгохоор оруулсан. Гэвч Хууль зүйн яаман дээр очоод хугацаатай болж өөрчлөгдсөн.
Нийслэлийн газрын албаны дарга Ж.Батсайхан:
Газрын суурь үнийг 1997 оноос хойш өөрчлөөгүй байгаа. Бүсчлэлийг нарийн болгох, үнэ үнэлгээг өөр болгох асуудал Засгийн газрын хуралдаанаар оруулаад түр хойшлогдсон. Удахгүй энэ асуудал шийдэгдэнэ.
НЗД-ын Дэд Бүтцийн Хөгжлийн Асуудал Хариуцсан Орлогч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч П.Баярхүү:
Нийслэлээс газар өмчлүүлэхдээ намын харьяаллыг харсан асуудал огт гараагүй. Өнөөдрийн байдлаар Нийслэл хотод 126502 иргэн газар өмчлөөд байна. БГД-ийн хувьд 6410 иргэн буюу хамгийн олон иргэн газар өмчилсөн дүн байна.