Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөлөө
2018.04.16

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөлөө

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсад хийж буй айлчлалын үеэрээ дагалдан яваа төлөөлөгчдийн хамт тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  Като Кацунобу-тай албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд сайд Като Кацунобу хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглээд, ялангуяа сургалтын бааз эмнэлэг байгуулах болон техникийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах болсонд талархалтай байгаа илэрхийлэв. 

Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өвчтөний аюулгүй байдлын асуудлаархи Дэлхийн сайд нарын 3 дугаар чуулга уулзалтыг Ази тивд анх удаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, Япон Улсаас үзүүлж буй тусламж дэмжлэг, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шилдэг тэргүүн туршлагаас суралцахад дорвитой хувь нэмэр оруулж байгааг онцлон хэллээ.

Уулзалтын явцад талууд хоёр улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны талаар харилцан танилцуулж, дэлгэрэнгүй харилцан ярилцав.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Като Кацунобу нар “Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Япон Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Мөн энэхүү айлчлалын үеэр сайд Д.Сарангэрэл Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Токио дахь төв оффисын Олон улсын эрүүл мэнд, хүний аюулгүй байдлын асуудал хариуцсан асуудал хариуцсан Дэд Ерөнхийлөгч Такао Тода-тай уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. 

Түүнчлэн Япон Улсын Парламентын гишүүн, Эрүүл мэнд, Нийгмийн халамжийн сайд асан Ясухиса  Шиозаки-тай уулзаж, эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцав. Тэрээр Парламент дахь Монгол-Японы зөвлөхөөр ажилладаг болохоо танилцуулж, цаашид хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхааран ажиллах болохоо мэдэгдсэн юм. 

Айлчлалын үеэр сайд Д.Сарангэрэл мөн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажилладаг төр, хувийн хэвшлийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан ярилцаж, санал солилцов.