2018.04.17

С.Эрдэнэ гишүүний санаачилсан хууль хүлээлт үүсгээд байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Зээлийн хүүгийн дээд хягаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Тэрээр хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлож өгөхийг УИХ-ын Тамгын газраас хүсэж, албан бичиг хүргүүлсэн байна.

Зээлийн хүүг бууруулах асуудал өнгөрсөн намрын чуулганаар банкны салбарын гурван ч хууль батлагдах үед сөхөгдөж байгаад намжсан. Харин С.Эрдэнэ гишүүн иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлыг ийнхүү хуулийн хүрээнд боловсруулан оруулж ирж байгаа юм.

Хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж.

С.Эрдэнэ гишүүний хувьд УИХ-д 10 жил ажиллах хугацаандаа амьдралд ойр хэд хэдэн ч хууль санаачлан батлуулж байсан. Тухайлбал, Нийгмийн даатгалын багц хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зэрэг хуулиуд батлагдсан нь цаг үеэ олсон, иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлж буй хуулиуд юм.

Энэ удаагийн санаачилсан хуулиараа тэрээр банкуудын хэт өндөр зээлийн хүү, банкны салбарын монопольчлол болон хууль бус мөнгө хүүлэлттэй тэмцэхээр зорьжээ.

Монголын банкуудын зээлийн хүүгийн хувьд дундаж нь 28 хувь байгаа нь дэлхийн улс орнуудынхаас хэт өндөр бөгөөд сүүлийн 10 жилд буурах хандлага ажилгдахгүй, тогтворжиж “гацсан” үзүүлэлт юм байна. Мөн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү ЖИЛИЙН 41 ХУВЬ, ломбардын гар утас барьцаалсан зээлийн хүү 7-10 ХОНОГТ 7-8 ХУВЬ, байр, машин, газар барьцаалсан зээлийн хүү САРЫН 3.0-3.5 ХУВЬ байна.

Тэр ч байтугай мөнгө хүүлэгчдийн гаргасан өдрийн, хоногийн гэх мэт 10 хувийн хүүтэй зээл бий болсон, түүнийг авахаас гарцаагүй байдалд худалдаачид ордог, түүндээ дарамтлуулж амьдралаараа хохироход хүрч байгаа нь нууц биш.

8 зүйл, 23 заалттай тус хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн 4 төрлөөр ялгавартай тогтоохоор оруулжээ. Хуулийн үйлчлэх хүрээ нь ганц банк биш банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбард зэрэг орж байгаа аж.

Хууль батлагдсанаар дараах эерэг үр дүн нийгэмд бий болно хэмээн С.Эрдэнэ гишүүн үзэж байна.

  • Зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурна. Ялангуяа банк бус зээлдүүлэгчдын зээлийн хэт өндөр хүү буурч, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана.
  • Бизнесийн үйл ажиллагааны зардал буурч ашиг хуримтлал нэмэгдэж, бизнесийн орчин сайжирч,төлбөрийн чадвар дээшилж, татварын бааз суурь тэлж, төсвийн орлого нэмэгдэнэ.
  • Иргэдийн, ялангуяа худалдаа эрхлэгчдийн зээлийн хүүгийн дарамт эрс буурч орлого нэмэгдэж, аж амьдрал сайжирахад чухал нөлөө үзүүлнэ.
  • Мөнгөн хуримтлал, санхүүгийн нөөцийн хуваарилалт зөв чиглэлд орж, мөнгө хүүлэлтэд биш бүтээн байгуулалтад чиглэгдэнэ.