2018.04.12

М.Билэгт: Шүүх засаглалд шударга ёс тогтохгүйгээр, МУ-д шударга ёс тогтох боломжгүй

Өнөөдөр /2018.04.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт: Шүүх эрх мэдлийн хүрээн дэх хуулиудад өөрчлөлт оруулах цаг болсон. Энэ асуудалд анхаарал хандуулж байна уу гэсэн асуултыг тодруулсан юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт

Монгол улсад нийгмийн эмх, замбараагүй байдал их болсон нь шүүхийн шударга бус явдалтай холбоотой.

Шүүх засаглалд шударга ёс тогтоохгүйгээр, МУ-д шударга ёс тогтохгүй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярьж байгаа асуудалтай санал нэг байгаа.Миний хувьд өмнө нь бас энэ асуудлын талаар чуулган дээр хэлж байсан. Шүүгч нарын эрхзүйн байдлын хууль дээр шүүгч нарыг хариуцагч, нэхэмжлэгч талуудтай уулзаж болохгүй гэж өөрчилсөн. Үүнээс болоод  харилцагчид , шүүгч нартайгаа давж уулздаг харьцдаг бүлэглэлийг бий болгосон.  Ер нь Шүүгч нарын эрхзүйн байдлын хууль дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ард түмний хүсээд байгаа зүйл бол төрийн шударга байдал, хариуцлагын тогтолцоог зөв болгож өгөөч гэж хүсэж байгаа. Шүүгч нар хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагчид. Харамсалтай нь тэнд хамгийн их авилга авсан, хамгийн их шударга бус зүйл харагдаж байна. Шүүх эрх мэдлийн хуулинд өөрчлөлт оруулах төлөвлөгөө байна уу?

Хууль зүй дотоод хэргийн яамны , Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хариуллаа

Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд заасны дагуу, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ чиглэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно гэж заасаны хүрээнд ХЗДХЯ ажлын хэсэг гараад Шүүхийн захиргааны тухай хуулийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах,  МУ-ын шүүхийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг судлаад явж байна. Ажлын хэсэг гарсан. Ер нь шүүгч нарыг сонгон шалгаруулах, томилох асуудлаас эхлээд зөв явах ёстой. Үүнтэй холбоотойгоор Шүүх, эрх мэдлийн хүрээн дэх холбогдох багц хуулиудыг, ХЗДХЯ-наас  боловсруулж хаврын чуулганд өргөн барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Салбар салбарынхан асуудлаа судалж байгаа гэдэг. Энэ хуулиуд хаврын чуулганаар хэлэлцэхээр орж ирэх боломж байгаа юу?