НИТХ-ын тэргүүлэгчид 100 хувийн ирцтэй хуралдаж байна
Хуралдаанаар Нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр ВRT /тусгай замын автобус/ төслийн үйл ажиллагааны танилцуулга, Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийг сонгон шалгаруулах журам батлах тухай, Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 12 асуудал хэлэлцэх юм.
Хуралдааны эхэнд Нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийн үйл ажиллагааны танилцуулгыг НИТХ-ын ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Төслийн удирдах хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаяр танилцуулав. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын тэргүүлэгчид асуулт асууж, саналаа хэллээ.
Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл: "Нийслэлийн Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөлд 17 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. Энэ бол бага мөнгө биш, тиймээс та бүхэн төслийг ажил хэрэг болго, эсвэл татан буулга. Тусгай замын автобус төсөл ач холбогдолтой учир төслийн мэдээллийг улирал тутам НИТХ-ын тэргүүлэгчид сонсож байх саналтай байна" гэв.
Тэргүүлэгч П.Баярхүү: "Энэ төслийг хугацаанд нь багтааж шийдвэрлэх үүргийг хурлын тэмдэглэлд тусгаж өгөх хэрэгтэй. Хэрвээ хугацаандаа багтаж шийдвэрлэж чадахгүй бол албан тушаалтнуудад нь хариуцлага тооцох ёстой гэдгийг тэмдэглэлд дурьдах нь зөв"
Тэргүүлэгч С.Мөнхчулуун: Тусгай замын автобус төсөл 2012 оноос ярьж, 2015 онд цаасан дээр буужээ. Энэ ажлыг цаасан дээр байх төдий биш та бид мөрийн хөтөлбөрийнхөө хугацаанд шийдээд, хэрэгжүүлээд замыг нь ашиглалтад оруулаад ажилламаар байна. Тулгамдаж байгаа, шийдвэрлэж чадахгүй байгаа ямар асуудал байна түүнийгээ шийдвэрлээд явах нь зүйтэй. Та бүхэн ажлаа эрчимжүүлж яаралтай ажиллаад, 2019 онд барилгын ажлаа эхлүүлээд, 2020 онд дуусгасан байхаар ажиллаарай гэлээ.
Тэргүүлэгч Ц.Байгалмаа: Бидний яаравчлан хийх ёстой асуудал бол автобусны буудал барьж, зам өргөтгөх асуудал биш. Төсөл эхэлснээс хойш олон төрлийн судалгаа хийсэн байх. Гэхдээ энэ асуудлыг нийтийн тээврийн асуудалтай уялдуулан цогцоор нь шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Өнөөдөр байгаа автобусны сүлжээтэй холбогдуулж уяад яаж үр ашигтай болгох вэ гэдэг сэдвээр судалгаа явуулж, хэрэгжүүлээсэй гэсэн саналтай" байна гэв.
Хурлын дарга С.Амарсайхан: "Энэ төсөл 2010 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхэлсэн. Төслийн санхүүжилтийн гэрээ 2 удаа сунгагдсан байдаг. Гуравдах удаагаа сунгана гэвэл төслийн санхүүжилт зогсоно. Энэ төслийн удирдах хороо, төслийн нэгж гээд 30 хүн ажиллаж байгаа. Энэ 30 хүний ажил хангалтгүй байна гэдгийг энд яригдаж байгаа зүйлс баталж байна. Азийн хөгжлийн банкнаас төслийн баг хангалтгүй ажиллаж байна гэсэн гомдол саналыг нэг бус удаа бидэнд ирсэн. Цаашид төсслийн нэгжид өөрчлөлт оруулах, ажлаа хийж чаддаг хүмүүсийг энд багтааж ажиллуулах, тэргүүлэгчдээс төслийн багт оруулах байдлаар өөрчлөлт хийнэ. 270 сая долларын хөрөнгө оруулалт авчихаад хийх ёстой ажлаа хийж чадахгүй, хөрөнгө оруулагчдын өмнө нэр нүүрээ бараад явж байгаа нь нууц биш. Одоо ажиллаж байгаа хүмүүсийнхээ танилцуулгыг гаргаж өг. Төслийн багт Нийслэлийн баахан газрын дарга нар орчихсон явж байгаа. Даахгүй нохой булуу хураана гэгчээр өөрсдийнхөө өмнөх ажлыг дийлэхгүй байж энэ төсөлд ороод явж байгаа явдал бий. Иймээс хорооны бүтцэд өөрчлөлт оруулна. 5,10, 20 жилийн дараах төслийн үр ашгаа бодож ажиллах ёстой" гэв.
Тэргүүлэгчдийн зүгээс Хурлын тэмдэглэлээр Төслийн удирдах хороо, төслийн нэгж, Нийслэлийн Засаг даргад үүрэг чиглэл өгч, энд дурьдагдсан асуудалд анхаарч ажиллахыг даалгалаа.
ҮТП-ийн нэгжийн сонгон шалгаруулалтын журам батлах тухай асуудлыг буцаав
Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн сонгон шалгаруулалтын журам батлах тухай асуудлыг Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулав. Налайх, Багануур, Эмээлтийн үйлдвэрлэл технологийн паркийн нэгжийг сонгон шалгаруулах журмыг батлах нь Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуультай зөрчилдөж байгаа. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс энэхүү журмыг батлах эрх зүйн боломжгүй гэдгийг НИТХ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил танилцууллаа. Тэргүүлэгчдийн саналаар Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн сонгон шалгаруулалтын журмын төслийг хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлж, дахин боловсруулж оруулж ирэхийг санаачлагчдад нь үүрэг болгож асуудлыг буцаалаа.
ҮСАХ-ийн саналыг хүлээн авахаас татгалзав
Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ.
Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарц барихад 1,6 жил зарцуулах юм. Иргэдийн ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс бүтээн байгуулалтын хугацаанд долоон түр зам нээхээр төлөвлөж байгааг төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгээс танилцуулав. Гүүрэн гарцын зарим дам нуруу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн 3619 ам дөрвөлжин метр газраар дайран өнгөрөх юм. Үүнтэй холбогдуулан ҮСАХ-гээс хэд хэдэн санал ирүүлжээ. Тус хүрээлэн нийслэлийн төсөвт жил бүр 698 сая төгрөгийн төсөв төвлөрүүлдэг байна. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын хугацаанд ҮСАХ-гээс нийслэлд төвлөрүүлэх ёстой 698 сая төгрөгийг чөлөөлөх, хүрээлэнгийн зарим газрыг бусдад ашиглуулах бүрэн эрхийг тус байгууллагын ТУЗ-д олгох зэргийг уг саналд тусгажээ.
Дээр дурьдсан 698 сая төгрөгөөс гадна ҮСАХ-д нөхөн олговор олгох эсэхийг НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан тодруулав. Гүүрэн гарцын 16 дам нуруу Шангри-Ла зочид буудлын уулзвараас Замын цагдаагийн албаны уулзвар хүртэлх ҮСАХ-гийн хашааны газраар дайран өнгөрөх аж. Уг хашааны нөхөн олговорт 322 сая төгрөг олгох ёстой гэдгийг ажлын хэсгээс танилцуулав.
Уг асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн сарын 30-ны хуралдаанаар хэлэлцэж, татгалзах шийдвэр гаргасныг Н.Батсүмбэрэл тэргүүлэгч дурьдлаа. НЗДТГ нь ҮСАХ-гийн 24 хувийг эзэмшдэг аж. Тиймээс нийслэлийн оролцоотой аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн эзэмшлийн газраа үнэгүй өгөх боломжтой гэдгийг Ц.Байгалмаа тэргүүлэгч онцлов.
Замын цагдаагийн уулзварт баригдах гүүрэн гарцын төслийн өртөг 42.3 сая ам.доллар бөгөөд санхүүжилтийг БНХАУ-ын Экспорт Импорт банкны хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэж байгаа аж. Мөн энэ төслийн хөрөнгө оруулалттай хамт Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирэх юм. Тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгааг Нийслэлийн Автозамын газрын удирдлагууд дурьдлаа.
Мөн үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Замын цагдаагийн албаны ойролцоо барих гүүрэн гарц бол зайлшгүй хийх бүтээн байгуулалт. Нөгөөтэйгүүр ҮСАХ бол хүүхэд, багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлсэн газар. Тиймээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, нөгөө талаас ард түмний ая тухтай орчинд ажиллах, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад ҮСАХ-гийн саналыг хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн олонх дэмжсэнгүй. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчид төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийг ойрын хугацаанд ҮСАХ-гийн удирдлагуудтай уулзаж, дахин хэлэлцээ хийхийг үүрэг болгов.
Хуралдаан үргэлжилж түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Тэргүүлэгчдийн зүгээс холбогдох асуултуудыг асууж, санал хэллээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүгээс одооны автомашины зогсоолын зайд нь баригдах гүүрэн замын 16 ширхэг багана барихтай холбогдуулан ажил гацааж, гэрээ байгуулах нэрийн дор асуудлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж "зүтгэж" байгаад харамсаж байгаагаа тэргүүлэгчид илэрхийллээ.
Тиймээс хуралд оруулж ирсэн Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай нэртэй ч зөвхөн нэг байгууллагад гэрээ байгуулан хөрөнгө мөнгө шийдэж өгөх асуудал гэж харагдаж байгаа тул Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэн горимын санал гаргасан тэргүүлэгч Н.Батсүмбэрэлийн томъёололоор санал хураахад тус асуудал дэмжигдсэнгүй. Асуудлын хүрээнд НАХГ, НӨХГ Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй гэрээний төсөл дээрээ ойрын хугацаанд дахин зөвшилцийн ширээнд сууж, саналаа боловсруулж оруулж ирэхийг үүрэг болгон буцаалаа.
Хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт эрэмблэгдсэн Нийслэлийн ахмадын хорооны 50 жил, Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр танилцуулж, тэргүүлэгчид ойг тэмдэнглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг зөвхөн баяр ёслолын арга хэмжээ төдий болгоож өнгөрүүлэлгүй, бүтээлч, ажил хэрэгч, үлдэцтэй байдлаар тэмдэглэх, ялангуяа Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн хүрээнд үе үеийн суралцагчдыг татан оролцуулах чиглэлээр ажиллах саналыг хэлж, асуудлыг дэмжин тэргүүлэгчдийн тогтоолын төслөөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод даалгахаар боллоо.