Нийслэл хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргав
2018.03.24

Нийслэл хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал, олон нийтийн нэрлэж заншсан 22-ын товчооны дэргэдэх "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулж,  үйл ажиллагааны чиглэлийг нь өргөтгөж, нэрийг  нь өөрчлөн "Олон улсын худалдаа, авто худалдааны төв" нэртэй ХК болгох асуудлыг авч хэлэлцлээ.  

"Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч О.Мөнгөншагай танилцуулгандаа  "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ын  хаалттай хувьцаат компани болгон өөрчилснөөр бий болох давуу талууд үүсэж, үйл ажиллагаагаа өргөтгөх боломж бүрдэх төдийгүй нийслэлд ямар нэгэн санхүүгийн дарамт ирэхгүй, эсрэгээрээ хотод үзүүлэх татварын  орлого нэмэгдэх тооцоо судалгаа гарсныг мэдээлэв.

Тэргүүлэгчдийн зүгээс "Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ын холбогдох дүрэм журмыг өөрчлөн  "Олон улсын худалдаа, авто худалдааны төв"  хаалттай Хувьцаат компани болгох нь тэнд автомашин борлуулахаар газар худалдан авсан, өмчилсөн иргэдийн эрх ашгийг зөрчих эсэх асуултын хариуд О.Мөнгөншагай дарга хариулахдаа "Хувьцаат компани болгон өөрчилбөл асуудлын хүрээнд бид төсвөөс болон нийслэлээс ямар нэгэн зардал хөрөнгө гарахгүй, газар авсан иргэдийн хувьд өөрийн өмчилж авсан газартаа үйл ажиллагаа хэвийн явуулна, тэдний эрх ашгийг хөндөхгүй, тэд ашиглалтын болон газрын төлбөрөө төлөөд явна.

Бид "Олон улсын худалдаа, авто худалдааны төв"  ХК болгож өөрчилснөөр хувьцаа босгож, хөрөнгө оруулалт бий татаж,  олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгоно. Ингэснээр  бид өөрөө өөрийгөө санхүүжүүлж, цаашлаад нийслэлийн төсөвт татварын орлогын дэмжлэг үзүүлдэг болно" гэлээ.

Тэргүүлэгчдийн хурлаар ОНӨААТҮГ-ыг  Хувьцаат компани болгон өөрчлөх саналыг дэмжсэн боловч тогтоолд шинээр байгуулагдаж буй хувьцаат компанийн дүрмийг боловсронгуй болгох, дүрмэнд хөрөнгийн үнэлгээ, нэгж хувьцааны  нэрлэсэн үнийг тодорхой болгох заалтыг оруулж тогтоолыг гаргахаар төслийг баталлаа.

Хэлэлцэх асуудлын дараагийн хэсэгт  энэ жил тохиож буй Нийслэл хотын 380 жилийн түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Өргөө амаржих газар буюу I төрөх эмнэлгийн түүхэн 90 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох асуудлыг Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийг удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа  Хурлын тэргүүлэгчдэд танилцуулав.

Тэргүүлэгчдийн зүгээс нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах, бүтээлч ажил, санаачлагыг дэмжих чиглэлд анхааран ажиллах, ой зохион байгуулах ажлын хэсэгт НИТХ-ын тэргүүлэгчдээс оролцуулах  зэрэг санал гаргаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод даалгахаар болж  тогтоолын төслийг дэмжлээ.

Өргөө амаржих газрын хувьд 90 жилийн түүхэн  хугацаанд 375 мянга гаруй хүүхдийг эсэн мэнд төрүүлж, эх барьж авсан Монголын анхны төрөх эмнэлэг юм байна. 14 гавьяат эмч, 1 хөдөлмөрийн баатар эгнээнээсээ төрүүлсэн Өргөө төрөх эмнэлгийн 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг Тэргүүлэгчдийн зүгээс дэмжиж, ойг тэмдэглэхдээ ТББ, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэг, бүтээлч санал санаачлагатай уялдуулах зэргээр ойн хүрээнд бодитой ажил хийж хэрэгжүүлэхийг Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгож дэмжлээ.

Үүний дараагаар 100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн  ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга танилцууллаа.

100 айл орчимд СБД-ийн Татварын хэлтэст бүртгэлтэй нийт 800 гаруй  иргэн, ААН барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:  Мод, чулуу, мужааны  цех, тавилгын үйлдвэр 403, барилгын худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулж байгаа лангуу, павильон 1309, гадуур худалдаа хийж байгаа иргэд 320 байгаа бол  100 айл орчмын хөрсний бохирдол нь “дунд” болон “их” зэргийн бохирдолтой ангилалд хамаарч байна. Хүнд металлын шинжилгээгээр хар тугалгын агууламж 2010 онд 16.25 мг/кг, 2015 онд 25.4 мг/кг байгаа нь нийслэлийн хэмжээний дундаж агууламжаас их байна.   

283 байгууллага, аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа эрхэлдгээс төвийн дулаанд холбогдоогүй 91 байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн танилцуулга хүргэлээ. Нүүлгэх үйл ажиллагаа үндсэн 3  үе шаттайгаар явагдах бөгөөд эхний ээлжинд Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, НБМҮТП руу нүүлгэн шилжүүлэх бол хоёрдугаар ээлжид явган болон авто замын нэвтрэх чадварыг сайжруулах, өргөтгөх /4-6 эгнээ болгох/, дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах, гуравдугаар үе шатын хувьд шаардлага хангаагүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах гэсэн байдлаар ажиллана гэв.

Тэргүүлэгчдийн зүгээс Ч.Гантулга даргаас асуулт, асууж санал хэлсний дараа 100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэх асуудлыг дэмжин НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулахыг дэмжсэн тогтоол гаргах саналыг тэргүүлэгчид 100 хувь дэмжлээ.

Хурлын дараагийн шатанд Нийслэлийн дүрэм боловсруулах асуудлын талаар  НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл товч мэдээллээ.

Хотын дүрмийн асуудал өмнө нь тавигдаж, судалгаа хийгдэж байсан боловч ажил хэрэг болоогүй, цаашид хотын дүрэм, хаягжилт, замын тэмдэг тэмдэглэгээний  журмыг ажил хэрэгч байдлаар боловсруулж, нийтэд дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулан танилцуулах үүрэг бүхий  ажлын хэсэг байгуулахыг тогтоолын төсөлд тусгаж мөрдөхөөр болов.

НИТХ-ын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах асуудлыг Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба танилцуулж, тэргүүлэгчид саналаа хэлж, ажлын албаны шинэчилсэн  хөдөлмөрийн дотоод журмыг батлав.