Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018.04.10

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21071 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 3969 нэгжээр буурсан байна. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй үйлдлийн гаралт 11-45 нэгжээр өсч, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт гэмт хэргийн шинжтэй үйлдлийн гаралт 8-11 нэгжээр буурчээ. “Эрэн сурвалжлалт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг гуравдугаар сарын 26-наас эхлэн явуулж, эхний 10 хоногийн хугацаанд  оргодол 5, гэмт хэрэгт сэрдэгдсэн 100 этгээдийг олж баривчилж, 83 хэрэг буюу эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн 5.1 хувийг нөхөн илрүүлж, 252 хэрэг буюу нийт хэргийн 15.6 хувийг шийдвэрлэсэн байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс 2486 дуудлага мэдээлэл хүлээн авч 843 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 100 хэрэг бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 23.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран шөнийн цагаар үйлдэгддэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдалтай тэмцэх зорилгоор “Шөнийн хяналт” нэгдсэн арга хэмжээг гуравдугаар сарын 18-наас эхлүүлэн явуулж байгаа. Хяналт шалгалтаар гэмт хэргийн шинжтэй 3 үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, цагдаа, шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 5 этгээдийг баривчлан саатуулж холбогдох газар нь хүлээлгэн өгсөн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 123 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 117, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос 174 иргэнийг авран хамгаалсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд шүлхий өвчин илэрч, тус бүс нутагт хорио цээрийн дэглэм сахиулан ажиллаж байна.

Голомтын бүс, сэжигтэй бүс, хязгаарлалтын бүсэд байгаа нийт 2528 мал, амьтныг вакцинжуулж, өнөөдрийн байдлаар тус өвчний шинж тэмдэг нэмж илрээгүй. Нийслэлийн Засаг даргын А/278 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн гишүүд энэ сарын 4-ний өдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд тавих хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж, шалгалт үргэлжилж байна” гэж танилцуулав.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу  мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Төвийн 6 дүүрэгт төв зам дагуу баригдах явцдаа зогссон барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийсэн. Энхтайваны өргөн чөлөө төв шуудангийн урд талд 25 давхар үйлчилгээтэй 64 айлын орон сууцны барилга, Чингисийн өргөн чөлөө төв номын сангийн эсрэг талд 26 давхар, 2 давхар зоорьтой, оффисын зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо, Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн зүүн талд байрлах үйлчилгээтэй 9 давхар орон сууцны барилга, Барс захын замын ард дахин төлөвлөлтийн үйлчилгээтэй орон сууцны 16 давхар барилга, Саппорогийн уулзвар, Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлгийн баруун урд талд, 6 давхар, төмөр бетон каркасан хийцлэлтэй, 2015 онд баригдаж эхэлсэн барилга, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 120 мянгатын автобусны буудлын эсрэг талд 25 давхар үйлчилгээний барилга зэрэг нь авто зам, явган зам, орон сууцны хорооллын зорчих хөдөлгөөнд ойрхон баригдаж байгаа ба удаан хугацаагаар зогссон зогссолтын үед  хөдөлмөрийн аюулгүй байдал болон барилга байгууламжийн хамгаалалтын горим зөрчсөн. Мөн Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн заалтуудыг тус тус хангахгүй байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариусан орлогч П.Баярхүү

“Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах, мөн “OPEN.ULAANBAATAR.MN” системд хөрөнгө оруулалтын ажлын мэдээгээ оруулаагүй байгууллагууд яаралтай гүйцээж оруулах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг дуусгах, Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хаяг, рекламны самбар, хашаа, хайс болон баригдаж дуусаагүй удаан хугацаагаар зогссон барилгын судалгааг гаргаж, орчны хамгаалалтыг сайжруулах, Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах нөхцөлийг хангуулах үүднээс орц, гарц чөлөөлөх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах, Барилгын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулж дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо