“Оюуны өмчийн эдийн засагт оруулах хувь нэмэр, оюуны өмчийн үнэлгээ, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болов
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Хууль зүйн байнгын хороотой хамтран “Оюуны өмчийн эдийн засагт оруулах хувь нэмэр, оюуны өмчийн үнэлгээ, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт БСШУСЯ, ХЗДХЯ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоо, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлд “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн”, 16 дугаар зүйлийн 8-д “Соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэхүү заалтыг ишлэл болгон оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Патентийн тухай, Зохиогчийн эрхийн тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай, Инновацийн тухай, Технологи дамжуулах тухай хуулиуд батлагдсан юм. Дээрх хуулиудын дагуу патент, гэрчилгээ, зохиогчийн эрх авч байгаа эзэмшигч, зохиогч, уран бүтээлчид өөрсдийн оюуны бүтээлийн үр шимийг тэр бүр хүртэж чадахгүй байна.
Дэлхий дахины хөгжлийн чиг хандлага нь дэвшилтэт техник технологи, патент, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлээр хөгжиж байна. Иймд цаашид аж үйлдвэрийн мэдлэгийг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололтуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эдийн засгийг төрөлжүүлэх Монгол Улсын гол бодлого нь оюуны өмч, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал юм гэж үзэж, миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг санаачилж, холбогдох байгууллагуудаас санал авч, Оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж, Мэргэшсэн үнэлгээчдийн холбооны гишүүн, мэргэшсэн үнэлгээчин П.Болормаа, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Энхжаргал нар илтгэл тавьж, оюуны өмчийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Оюундарь нар оюуны өмчийн эдийн засагт оруулах хувь нэмрийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “ХБНГУ төсвийнхөө 3 хувь, Австри, Унгар Улс 3,5 хувийг шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд зарцуулдаг. Бид шинжлэх ухааны салбарт гаргаж буй зардлыг нэмэхгүйгээр инновацийг хөгжүүлэхэд бэрх юм. Инновацийг бүтээл болгох, олон улсын түвшинд хүргэх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бүтээлийг үнэлэх, үүнээсээ ашиг хүртэх нь чухал” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Шинжлэх ухааны ололт, оюуны өмчийг аж ахуйн нэгж, төр засаг үнэлэхгүй байгаад бүх асуудал оршиж байна. Дэвшилттэй тал олон байгаа ч оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулахын тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай” гэлээ.
Хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилсэн юм. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг Оюуны өмчийг эдийн засагт оруулах тухай хуулийн төсөлд тусгах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.