Их дээд сургуулийн багш нарыг ахисан түвшний сургалтад хамруулж эхэллээ
Багшийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд их, дээд сургуулиудын багш нарын сургалтын хөтөлбөр, заах арга зүйг сайжруулах CDIO ахисан түвшний сургалт эхэллээ.
Сургалт зохион байгуулах хүсэлтийг БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс CDIO-ийн Азийн бүсийн төвд гаргаснаар Сингапурын тал дэмжсэн. Улмаар CDIO ахисан түвшний сургалт зохион байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Сингапур улсын Темасек сангийн гүйцэтгэх захирал ноён Бэнэдикт Чёонг, тус улсын Политехникийн олон улсын их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Жонни Тан болон ерөнхий менежер ноён Гох Сиак Гүүн, Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Д.Хэрүга, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан тэргүүтэй албаныхан гарын үсэг зурлаа.
Ахисан түвшний инженерийн CDIO сургалт 2018-2019 онд үргэлжлэх бөгөөд зургаан цуврал сургалтад ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, ҮБХИС, СУИС-ийн 160 профессор, багш нар хамрагдах юм байна. Монгол Улсын хэмжээнд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргаж буй дээрх их сургуулиуд нь энэхүү ахисан түвшний сургалтад хамрагдсанаар төгсөгчдийн чадвар, чадамжийг сайжруулах, нөгөөтэйгүүр багшлах, сургах арга зүйн чадавхиа нэмэгдүүлэх, CDIO сургалтын дагуу хөтөлбөрөө шинэчлэх зэрэг бодит үр дүнг дээд боловсролын хөтөлбөрт үзүүлнэ.
Тэрчлэн дотоодод төдийгүй олон улсад магадлан итгэмжлүүлэх хөтөлбөрийн тоо нэмэгдэхийн сацуу хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх боломж бүрдэнэ гэж үзэж буй.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Дээд боловсролын чанар болон Монгол Улсын ирээдүйн боловсон хүчин гагцхүү багшийн мэдлэг, ур чадвараас ихээхэн хамаарна. Өнгөрсөн жилүүдэд бид боловсролын салбарт хөрөнгө оруулахдаа барилга, байшин барихад л түлхүү анхаарч иржээ. Тиймээс мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд гол тулгуур болсон багш нараа хөгжүүлэх, тэдний оюун ухаанд хөрөнгө оруулалт хийх цаг нь ирээд байна. Багш хүн гэдэг сурагчиддаа зөвхөн суурь мэдлэг олгох, онол, арга зүй заахаас гадна тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэх давхар чадвартай байх ёстой” гэдгээ хэлээд Сингапур улсын Темасек сан, тус улсын Политехникийн олон улсын их сургуулийн төлөөлөгч нарт энэхүү үр дүн, ач холбогдолтой сургалтыг их, дээд сургуулиудын багш нарт явуулахаар болсонд нь талархаж буйгаа илэрхийллээ.
CDIO-ийн сургалт гэдэг нь инженерийн боловсролын шинэчлэлийн олон улсын нийт 12 арга зүйн стандартыг дээд боловсролын салбарт нэвтрүүлж, “Бодож сэтгэх-Төлөвлөж загварчлах-Бүтээн ажиллуулах-Хэрэгжүүлэх” гэсэн үйл ажиллагааг бий болгож, инженерийн боловсролыг шинэчлэх зорилготой юм. Хамгийн гол нь, оюутанд суурь мэдлэг олгох, практик дээр хэрэгжүүлэх ур чадвар, төлөвшил гээд цогц чадамжийг суулгадаг инженерийн боловсролын тогтолцоо гэдгээрээ онцлог.
Дэлхийн орон оронд CDIO сургалтыг зах зээлийн эрэлтэд нийцэн үр бүтээлтэй ажиллаж, бүтээмж, инновацийг бий болгож, амжилт гаргаж чадах ирээдүйн мэргэжилтнийг бэлтгэх систем юм. Түүнчлэн инженерийн хөтөлбөрт зориулж бий болгосон, боловсрол олгох түвшинд тохируулан өөрчилж болох сургалтын шинэ арга зүй, загвар ч гэж үздэг байна.