Н.Цэрэнбат: Сайдын ажлаа авснаас хойш ШОНХОРТОЙ холбоотой асуудал ОГТ ЯРИГДААГҮЙ
2018.03.13

Н.Цэрэнбат: Сайдын ажлаа авснаас хойш ШОНХОРТОЙ холбоотой асуудал ОГТ ЯРИГДААГҮЙ

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын Нээлттэй өдөрлөгийг энэ сарын 14-21-ний өдөр орон даяар зохион байгуулахаар болжээ. Энэ талаар болон тус салбартай холбоотой нийгмийн анхаарлыг татсан бусад асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

Долоо хоногийн хугацаатай үргэлжлэх Нээлттэй өдөрлөгөөр тус салбарын хүрээнд иргэдээс ирүүлсэн санал гомдлыг бүртгэлжүүлж, цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар зөвлөмж хүргүүлэх юм байна. Мөн БОАЖ-ын салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулга хийхээр төлөвлөжээ. Дараа салбарын сайд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Засгийн газраас тодорхой ажлыг баталсан. Энэ хүрээнд яам, Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газартай хамтран хэд, хэдэн ажил хийсэн. Зарим дээр нь судалгааны дүгнэлт хийж байна. Үндэсний хороо энэ долоо хоногт хуралдаж, 2018 онд хийх ажлын төлөвлөгөө болон гуйцэтгэх ажилтайгаа танилцана.

-Утааны асуудлын араас цэвэрлэх байгууламжийн үнэр үргэлжилдэг. Цэвэрлэх байгууламжийн ажил ямар шатандаа явна вэ?

-Барилга, хот байгуулалтын яаманд Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалттай холбоотой нэгдсэн ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Шинээр баригдах Цэвэрлэх байгууламжид тавигдах байгаль орчны үнэлгээ, лагны үнэр дарах, тээвэрлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөөгөө өгсөн. Ажлын хэсгүүд хуралдаж, эцсийн шийдээ гаргаагүй байх шиг байна.

-Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авна гэдгээ зарласан. Энэ зорилгодоо хэзээ хүрэх вэ?

-Бид жуулчдын тоог нэг саяд хүргэхээр ажиллаж байна. Сая Берлинд болсон олон улсын үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөөд оролцоод ирлээ. Жуулчин хүлээж авах аялал жуулчлалын маршрутыг манай яамнаас боловсруулж, дөрөвдүгээр сард багтааж Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байна. Энэ маршрут батлагдвал Монгол Улс аялал жуулчлалын салбарт ямар бодлого, чиглэл баримтлах нь тодорхой болно. 

-Ногоон зээлийн сан байгуулах ажил ямар шатандаа яваа бэ?

-Энэ сангийн Монголын талын ТУЗ өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Хоёр талаасаа ойлголцож чадвал зургадугаар сараас хэлэлцээр эхэлж, аравдугаар сард ажил эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна.

-Цаашид шонхор барих зөвшөөрөл дээр хязгаарлалт тавих уу?

-Шонхор барих зөвшөөрөл олголтыг хориглосон байгаа. Намайг сайдын ажил авснаас хойш шонхортой холбогдолтой асуудал огт яригдаагүй.

-Нөхөн сэргээлт улсын хэмжээнд хэр үр дүнтэй хийгдэж байна бэ?

-Нөхөн сэргээлттэй холбоотой хууль тогтоомжуудын биелэлт улс орон даяар маш муу хэрэгжиж байгаа. Тухайн орон нутгийн ИТХ нөхөн сэргээлтээс олсон орлогоо зориулалтын бусаар зарцуулдаг. Үүнээс үүдээд маш их асуудал үүсдэг. Бид энэ асуудлаа цаашдаа зайлшгүй засах хэрэгтэй.

Зарцуулах ёстой мөнгөө бүгдийг нь зарцуулж хэвших ёстой. Иргэд итгэл хүлээж гарч ирсэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ чиглэлд илүү санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа.

-Богд уулыг тойроод барилга баригдаж байгаа асуудал шүүмжлэл дагуулдаг. Үүнд яам ямар бодлого барин ажиллах бэ?

-Бидэн дээр ирж буй санал гомдлын бараг 80 гаруй хувь нь Богд уултай холбоотой асуудал байдаг. Тиймээс яамнаас тусад нь ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.

Ер нь цаашдаа энэ асуудлыг хот өөрөө шийдэж байх учиртай юм билээ. Манайтай холбоотой Богд уулын зургаан ам байдаг. Эдгээр амуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд салбар яам анхааран ажиллана.

 Сэтгүүлч Б.Төгөлдөр