2018.03.05
Н.Цэрэнбат: Түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих боломжтой
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр ирэх оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоол гаргасан талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа.
-Засгийн газрын өчигдрийн хурлаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Агаарын бохирдол, утааг бууруулахаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Засгийн газрын өчигдрийн хурлаар маш том шийдвэр гаргалаа. Энэхүү тогтоол хэрэгжиж эхлэхээсээ 14 сарын өмнө гарч байна. Энэ нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийг дулааны алдагдлаа бууруулахгүй байх бэлтгэлээ эртнээс хийгээрэй гэж хэлж байгаа юм.
Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт болон үнийн тэнцвэртэй байдлыг хангах үүрэг хүлээсэн. Тиймээс бид ирэх долдугаар сарын 1-ний дотор Засгийн газарт эргэж танилцуулах юм.
Цаашид сайжруулсан түлшний стандартыг мөрдөж ажиллана. Ингэснээр агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурч, түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин багасгана гэж тооцоолж байна.
-Шийдвэрийн хүрээнд хэр хэмжээний шахмал түлш шаардагдах вэ?
-Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг юм.
Энэ нь эдийн засгийн хувьд ч тухайн өрхөд ашигтай. Тухайлбал, Налайхын таван тонн нүүрсийг /тонн нь 170 мянган төгрөг/ 850 мянган төгрөгөөр худалдан авах бол гурван тонн шахмал түлш /тонн нь 220 мянган төгрөг/-ийг 660 мянган төгрөгөөр авснаар 190 мянган төгрөг хэмнэх тооцоо гарч байгаа.
-Сайжруулсан түлшийг хэдэн төгрөгөөр худалдах вэ?
-Агаар, орчны бохирдлыг бууруулах хороо энэ сард хуралдана. Хуралдаанаар цаашид сайжруулсан түлшийг нийлүүлэх ААН, борлуулалт болон бусад дагалдах ажлын чиглэлийг гаргах байх. Гэхдээ Засгийн газраас нэг л чиглэлж барьж байгаа. Сайжруулсан түлшийг түүхий нүүрсний үнээр зарах бодлого барьж ажиллаж байна.
-Квот тогтоох уу?
-Тогтооно. Би өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэдэг бүх аж ахуйн нэгжтэй уулзсан. Тэдэнд гэрээгээр квот өгнө. Гэрээний хугацаанд үүргээ биелүүлсэн аж ахуйн нэгжтэй гэрээгээ үргэлжлүүлнэ. Биелүүлээгүй бол гэрээгээ цуцална.
-Хязгаарлалт зарим байгууллагуудад хамаарахгүй гэсэн. Энэ талаар?
-Энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй.
Н.Туяа