Ж.Сүхбаатар: Хугацаагүй завсарлагыг хэрэгсэл болгон ашиглаж байна
Энэ хаврын чуулган харьцангуй богино хугацаанд үргэлжилнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан нь УИХ-ын ээлжит сонгууль юм. Гэтэл сонгуулийн хуулиудаас болж чуулганы үйл ажиллагаа гацаанд ороод байна. Хоёр сонгуулийг хамт явуулах эсэхээр бүлгүүд зөвшилцөлд хүрээгүй байгаа нь үнэн ч “завсарлага авах” гээч юм тасралтгүй, тогтмол ажиллах ёстой төрийн машины хүрдийг сааталд оруулаад байгааг анзаарах хүн цөөн байх шиг.
УИХ, Орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудлаар санал боловсруулахаар МАН, АН-аас томилогдсон Ажлын хэсэг гэж бий. Тэд дундаасаа нэг хувилбар гаргаад ирвэл ажил урагшлах байсан ч үүрэг хүлээсэн гишүүд маань ирц бүрдэхгүй нь гэсэн шалтгаанаар өчигдөр цугласангүй. Ингэснээр өнөөдөр хуралдаж, Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийг хэлэлцэх байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов тодорхойгүй болоход хүрэв. Тус Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатартай эдгээр асуудлаар ярилцлаа.
-Өнөөдөр ТББХ хуралдах ёстой. Түүнд Ерөнхий сайдыг оролцуулж Орон нутгийн сонгуулийн хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор АН-аас тавьсан шаардлагын талаар мэдээлэл сонсох ёстой гэж Ч.Сайханбилэг дарга сая ярилаа. Ерөнхий сайдад энэ тухай мэдэгдсэн үү?
-Одоогоор Ерөнхий сайдад албан ёсоор мэдэгдээгүй байна. Ерөнхий сайдын байр суурийг албан ёсоор сонсоё. Хуралдаанд оролцуулаач гэсэн санааг өмнөх хуралдааны үеэр би хэлсэн. Ажлын хэсэг хувилбараа танилцуулах явцад Ерөнхий сайд, СЕХ-ны удирдлагуудыг байлцуулах боломжтой гэдгээ тайлбарласан. Маргааш (өнөөдөр) ТББХ хуралдах товтой. Ажлын хэсэг тодорхой хувилбар танилцуулах ёстой. Түүнд Ерөнхий сайдыг урьж болно.
-Хоёр бүлэг тохиролцож чадаагүй учраас УИХ-ын үйл ажиллагаа гацаж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байна. Үнэхээр зөвшилцөж чаддаггүй юм бол олонхиороо асуудлаа шийддэг Парламентат ёсны зарчмаа баримтлаач гэсэн байр суурь нийгмийн олонхид байгаа нь анзаарагдаж байна. Танай Байнгын хорооноос оруулсан төслөөр нэгдсэн чуулган санал хурааж асуудлыг шийдвэрлэх ёстой. Энэ зарчмаараа явчихаж болохгүй юу. Гишүүнийхээ хувьд ямар бодолтой байна вэ?
-Таны асуулт өөрөө хариулт болчихож байгаа юм. Парламентат ёсны зарчим ийм л байдаг. Байнгын хорооны нийт гишүүний 50+1 гэсэн ирцийн олонхиор уг нь асуудлаа шийдэх ёстой. Энэ зарчмаараа явах ёстой. Гэтэл завсарлага гэдэг юм маань гажуудал болж хувирлаа. Цөөнх нь олонхийнхоо шийдвэр гаргах эрхэд саад болдог хэрэгсэл болчихоод байна. Бүлэг нь Чуулган, Байнгын хорооноосоо илүү эрхтэй нэгж болж хувирлаа. Бүлгүүд л асуудлыг шийднэ гэсэн энэ зарчим Парламентат ёсны зарчмыг алдагдуулж байна. Хугацаагүй завсарлага авдаг болсноор ажлын зохион байгуулалт алдагдах боллоо. Цөөнх завсарлага авчихвал олонх яаж ч чадахгүй гэсэн бодлоор ийм арга хэрэглэж байна. Энэ бол Үндсэн хуулийн бус зүйл. УИХ-д олонх байгаа л бол хариуцлагаа ухамсарласан шийдвэрийг гаргах ёстой. Цөөнх бол хариуцлага хүлээдэг субъект биш. Ер нь бол Байнгын хороо хуралдаад, аль ч бүлгээс үл хамаарсан шийдвэрээ гаргах боломжийг олгох учиртай. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл удаан үргэлжилбэл сонгуулийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүйд хүрч мэдэх гээд байна. Төр төмбөгөр, ёс ёмбогор л байх ёстой. Бүлэг асуудлыг шийднэ гээд Парламентат ёсны зарчмаас гадуур зөрүүдлээд баймааргүй байгаа юм. Энэ талаар Э.Бат-Үүл гишүүн зөв зүйл хэлдэг. Бүлгүүд шийдвэр гаргаж чадахгүй юм байна. Засгийн газар байр сууриа илэрхийлээч гэж мань хүн хэлээд байгаа. Энэ нь зарчмын хувьд буруу зүйл биш. Хугацаагүй завсарлага Парламентын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Цаашдаа үүнийг анхаарахгүй бол байх ёстой зүйл мэт зүй тогтол бий болох гээд байгаа. Үүнийг засаж залруулах хэрэгтэй юм билээ. Сөрөг хүчин нь “бид завсарлага авлаа шүү” гэж айлгадаг болох нь л дээ.
-Бойкот, рэкет маягийн зүйл гэсэн үг үү?
-Зохисгүй хэллэг л дээ. Би зөөлнөөр хэлж байна. Хатуугаар хэлбэл, энэ хугацаагүй завсарлага чинь Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байгаа гэрч, баримт.
-Хугацаагүй завсарлага гэдгийг буруу гарын хэрэгсэл болгон ашиглаж байна гэж зарим хүн хэлж байна. Ер нь энэ хугацаагүй завсарлага гэдэг юм хэзээ, аль намын санаачилгаар орж ирсэн зүйл вэ?
-Тэр, энэ нам гэлтгүй. Өмнөх УИХ-ын үед Дэгийн тухай тогтоол гэж байсан. Түүгээр завсарлагыг хугацаатай авдаг байв. Сүүлдээ хууль баталж хугацааг үй болгосон. Зав сарлага байх ёстой хэлбэрийн нэг мөн. Маргаантай асуудлаар талууд зөвшилцөж судлая, зарим зүйлийг тодруулъя гэх зорилгоор завсарлагыг ашиглах ёстой. Цөөнхдөө хүндэтгэлтэй хандах, хэлэлцээрийн буюу зөвшилцлийн ардчиллыг Парламентын түв шинд хөгжүүлэхэд завсарлага тодорхой хэмжээний үүрэгтэй. Түүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэтэл одоо өөр зорилгоор ашигладаг болчихлоо. Хэлэлцэж буй тухайн асуудлыг гацаах санаатайгаар ашиглаад хаядаг нэг хэрэгсэл болгож хувиргасан.
-Цаашид завсарлагыг хугацаатай болгох ёстой юм байна гэсэн дүгнэлтийг гишүүд хийж байгаа болов уу?
-Энэ асуудлыг цэгцлэх ёстой гэсэн байр суурьтай гишүүн олон бий. Дараагийн УИХ-аас эхлэн завсарлагыг хугацаатай болгохгүй бол Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудуулдаг байдал үргэлжилсээр байх нь. Энэ тухай ярих цаг болж. Тэгэхгүй бол УИХ-д олонх байх шаардлагагүй болно. Найман хүнтэй бүлэг хугацаагүй завсарлага авахад л Засгийн газрыг бүрдүүлэхээс эхлээд төрийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох боломжтой болгож байна. Олонхийг сонгосон сонгогчийн мандатын эрх зөрчигдөхөд хүрч болзошгүй байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй.