Ж.Сүхбаатар: Орон нутгийн сонгуулийг явуулах бэлэн хуультай гэж муйхарлах хэрэггүй
2012.04.10

Ж.Сүхбаатар: Орон нутгийн сонгуулийг явуулах бэлэн хуультай гэж муйхарлах хэрэггүй

УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Зөвшилцлийн ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хичнээн удаа хуралдсан бол. Ямар шийдвэрт хүрсэн бэ?

-Манай байнгын хорооны ажлын хэсэг Д.Дондог гишүүнээр ахлуулсан. Зөвшилцлийн ажлын хэсэг чуулган эхлэхээс өмнө уулзалдаад тодорхой шийдэлд тохиролцсон байсан. Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулахгүй болж, тэд дотроо өөрчлөлт хийж, иргэд, улс төрийн намын оролцоог идэвхжүүлэх гээд тохиролцсон байжээ.

Гэтэл АН-ын бүлэг өөрсдийн байр суурин дээр хатуу зогсоно гээд ажлын хэсгийн саналыг хүлээж аваагүй. Зарим гишүүд сонирхлын зөрчил агуулж байна. Парламентад зарим асуудал гажуудал болж эхэлж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан гацахад байнгын хорооноос юу ч шалтгаалаагүй.

-Зөвшилцөөнд хүрч чадахгүй бол сонгууль хугацаандаа явж чадахгүй гэж хүмүүс ярьж байна. СЕХ-ны бэлтгэл ажил ч хойшлогдвол яах вэ?

-СЕХ-ны үндсэн бэлтгэл ажилд энэ нь саад болохгүй. Гэхдээ зохион байгуулалтын асуудал дээр хоёр сонгууль хамтдаа явах нь тодорхой болбол жинхэнэ асуудал үүсэх юм. Энэ нь тодорхой болоогүй байхад сонгуулийн бэлтгэл ажил дээр хүндрэл үүсч байгаа юм. Хороодыг байгуулах тухай хуулинд заасан байгаа.

-Чуулганыг гацаанаас яаж гаргах вэ? АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдыг урьсан байсан. Ерөнхий сайдад урилга ирсэн үү?

-Ерөнхий сайдад урилга явуулна гэдэг нь хэр оновчтой бол Байнгын хорооны хуралдаанд урьж оролцуулж болно л доо. Яг өнөөдрийн тухайд манай байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдыг урьж оролцуулах талаар албан ёсоор мэдэгдээгүй. Орон нутгийн сонгуулийн асуудалтай холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайдын байр суурийг сонсъё, албан ёсоор байр сууриа илэрхийлэх ёстой гэж байгаа. Би байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлэхдээ, "Орон нутгийн сонгуулийн хуультай холбоотой асуудлаар ажлын хэсэг хуралдаад тодорхой дүгнэлтийг танилцуулах ёстой. Энэ асуудлыг хэлэлцэхэд Ерөнхий сайд болон СЕХ-ны удирдлага байлцах ёстой гэж үзвэл байлцуулж болно" гэдгийг хэлсэн. Байнгын хорооны хуралдаанд ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж хэлэлцсэний дараагаар бид Ерөнхий сайдыг урьж оролцуулан дүгнэлтээ танилцуулж байр суурийг нь сонсож болох юм. Энэ талаас нь асуудалд хандаж байгаа. Түүнээс бус ямар нэг дүгнэлт гаргаагүй байж байнгын хорооны хуралдаанд байлцана гэдэг асуудал шийдэгдээгүй. Маргааш /өнөөдөр/ байнгын хороо хуралдахад Ерөнхий сайдыг байлцуулж магадгүй шүү гэдгийг мэдэгдэх арга хэмжээ авна.

-Хэрвээ зөвшилцөлд хүрч чадахгүй бол олонхоороо асуудлыг шийдээд явж болохгүй юу?

-Парламентат ёсны зарчим бол асуудлыг олонхоороо шийдвэрлэдэг  заалттай. Мэдээж хуульд заасан хувь  хэмжээ байгаа.  Байнгын хорооны гишүүдээр авч үзвэл олонх яаж үзсэнээр болдог. Манайд завсарлага авдаг асуудлыг хэвийн зүйл мэт яриад байдаг. Үнэндээ энэ чинь Монголын парламентад ямар ч олонх байсан шийдвэрээ гаргаж чаддаггүй. Цөөнх нь олонхоо шийдвэр гаргах боломжгүй болгодог үзэгдэл хэвшил болоод байна. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн бус заалт. Үндсэн хуульд олонхоороо асуудлыг шийднэ гэж заасан байдаг. Тэр тусмаа бүлэг гэдэг нь байнгын хороодоосоо давсан, парламентаас давж харьцдаг нэгж болж хувираад байна. Парламентын үндсэн зохион байгуулалтын хэлбэр нь байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан байгаа. Гэтэл бүлэг нь байнгын хорооноос даваад чуулганы нэгдсэн хуралдаанд хэрхэн байр сууриа тусгах вэ гэдэг асуудал болоод байна. Бүлэг бол байнгын хорооноос "том" нэгж биш. Ажил үүргийн зохион байгуулалт нь сүүлийн үед алдагдаад байгаа. Тиймээс бүлгүүд зөвшилцөж шийднэ, булгууд л гогцоог гаргана гэдэг асуудал парламентат ёсыг алдагдуулж байна. Тэр байтугай хугацааны завсарлага авдаг. Бид завсарлага хугацаагүй авдаг эрхтэй болохоор бусад нь шийдвэр гаргаж чадахгүй гээд ярьж байна. Уг нь энэ чинь Үндсэн хуулийн бус зүйл. Парламентын ажлын арга барил нь олонх, цөөнх байгаадаа биш. Олонх нь мөн юм бол шийдвэрээ гаргах боломжтой байх ёстой. Сөрөг хүчний байр суурийг гаргаад байх юм бол тэд олонх болж хариуцлагаа хүлээж байгаа субьект биш. Өмнө нь олонхгүй парламентад энэ асуудал сөхөгдөж байгаагүй. Тийм учраас байнгын хороо хуралдаад, аль бүлэг нь юу гэж үзэж байгаагаас үл хамаараад шийдвэр гаргах боломжийг олгох ёстой. Ингээд байгаад байвал сонгуулийн хэвийн уйл явцад нөлөөлнө. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг шиг намын бүлэг нь парламент дотроо өөрийн хэмжээ, эрх үүргийн хүрээнд байх хэрэгтэй. Сүүлдээ чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдааныг зогсоож байна. Хүн харахад ч гэсэн парламент гэдэг чинь намын бүлэг юм байна гэж андуурч байна. Намын бүлэг гэдэг чинь ажлын зохион байгуулалтын нэг хэлбэр нь болж байна. Үндсэн ажлын хэлбэр нь биш. Нэгэнтээ парламентат ёсны зарчмын асуудал явахгүй болчихоор үйл ажиллагаа нь хэвийн явах боломжгүй болж байна. Э.Бат-Үүл гишүүний хэлээд байгааг зөв зүйтэй юм гэж бодож байгаа. Бүлгүүд шийдвэр гаргаж чадахгүй юм байна. Тийм учраас Засгийн газрын байр суурийг сонсъё" гэж байгаа. Тиймээс үүн дээр намын бүлэг зөвшилцөөд, намын бүлэг шийдвэл гэж хэлээд байгаа нь парламентын нэр хүндийг унагааж байгаа хэрэг. Тиймээс энэ асуудал дээр цаашаа анхаарах хэрэгтэй. Олонхын өөдөөс цөөнх нь "бид завсарлага авах эрхтэй болохоор наадах чинь явахгүй гэж байна. Энэ бол зөөлнөөр хэлэхэд зохисгүй үг хэллэг. Хатуухан хэлбэл Үндсэн хуулийн бус үйл ажиллагаа явуулчих гээд байна.

-Завсарлагыг яагаад хугацаагүй байхаар УИХ-ын Дэгийн тухай хуульд заасан юм бэ?

-Өмнөх парламентын үед УИХ-ын Дэгийн тухай тогтоолыг хууль болгон баталсан. Ингэхдээ бүлгийн эрх үүргийг өргөтгөх зорилгоор "завсарлага авч болно" гээд заалт оруулсан. Өмнө нь бүлэг хуралдаанд оролцохгүй байхыг хуралдааныг орхин гарлаа гэдэг байлаа. Тиймээс үүнд л зохицуулалт хийх гэсэн арга байлаа. Харамсалтай нь завсарлагыг буруу аргаар ашиглаад байна. -Харин дараагийн парламентад завсарлага авахад хугацаа оруулж ирэх шаардлагатай болж байна. Тэгэхгүй бол намын бүлэг завсарлагыг хэрэгсэл болгоод байна. Завсарлагыг хэрэглэж болохоос хэрэгсүүл болгож болохгүй. Дараа нь парламентад хэн олонх болсноос үл хамаараад бүлэг байх л юм бол шийдвэрийг нь зогсоох болчихоод байна. УИХ-д найм ба түүнээс дээш суудал авсан улс төрийн хүчин бүлэг байгуулж болно гэж заасан байгаа. Гэтэл олонх болсон хүчиндээ бүлэг болсон хэсэг нь урхи тавиад завсарлага авч байна. Тиймээс олонх нь эрхээ эдэлж чадахгүй болж байгаа юм. Цөөнхийн тулгалт, шаардлагаар асуудлыг шийдвэр хариуцлага хүлээж яаж чадах вэ. Парламентад зөвшилцлийн ардчилал байдаг л даа. Зөвшилцлийн ардчиллыг бий болгоход бид тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байна. Тийм учраас би эхэндээ шүүмжилдэггүй байлаа. Гэтэл цаашид хараад байхад Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг зөрчих гээд байна. Тиймээс завсарлага хугацаатай байх ёстой.

-Орон нутгийн сонгуулийн асуудал хэрхэн шийдэгдэх бол?

-Орон нутгийн сонгуулийг явуулах бэлэн хууль байна гэж муйхарлаад хэрэггүй. Бэлэн хууль асуудалгүйгээр хэрэгжүүлэх бололцоотой бол болно. Гэтэл энэ хууль нь дотроо зөрчилтэй байна. Тухайлбал нэг хуульд нь зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын аль нэг өдөр гэсэн бол нөгөө хуульд нь сонгуулийг зургаадугаар сарын сүүлийн ням гаригт гэж заасан. Энэ удаад УИХ-ын сонгуульд өмнө нь хэрэгжиж байгаагүй олон зүйлийг туршиж байна. Дээр нь шинээр хэрэгжиж байгаа зүйл хүмүүст эргэлзээ гарч ирж байна. Гэтэл үүн дээр дахиад хоёр дахь том сонгуулийг явуулах гэж байгаа нь Үндсэн хуульд нийцэхгүй. Хуульчид ч үүнийг хэлээд өгнө.

-Хамтад нь явуулбал цаг хугацаа болоод эдийн засаг хэмнэнэ гэж байгаа шүү дээ?

-Нэг нь төрийн сонгууль, нөгөө нь нутгийн өөрөө удирдах ёсны сонгууль. Тэгээд зэрэгцээд явахаар юу болох вэ. Эд бараа бөөндөхөөр хямдхан тусдаг шүү дээ. Энэ сэтгэлгээгээр л хамтад нь явуулбал төсөв болоод цаг хугацаа хэмнэнэ гэж үзээд байна. Холиод нийлүүлээд явбал юу болох билээ. Мөн чанарын хувьд Үндсэн хуультай нийцэж байна уу. Энэ хоёрыг хамтад нь явуулбал зарчмын хувьд буруу. УИХ-д хуулиараа явахыг зарладаг. Улс төрийн намууд суманд нэр дэвшүүлэх шаардлагагүй болчихож байгаа юм, хамтад нь явуулснаар. Гэтэл хоёр сонгуулийг хамтад нь явуулснаар улам л намчирхана. Орон нутагт намуудын оролцоо их байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.