Нэг хүн нэг санал
Энэ зарчмыг Швейцарийн парламент ягштал хэрэгжүүлдэг гэнэ лээ. Аливаа хууль, тогтоолыг батлахаар гишүүн саналаа өгөхдөө ширээнийхээ дээр, доор байрлах кнопыг зэрэг дардаг. Бусдын кноп руу яваад байдаг зүггүй хоёр гар нь завгүй учраас хажуудаа суух найзынхаа өмнөөс санал өгөх ямар ч боломж олддоггүй. Үнэндээ түүний хоёр гар зөвхөн өөрийнхөө саналыг өгөхөд л зориулагддаг. Тийм учраас парламентынх нь санал хураалт шударга, элдэв маргаангүй болдог юм байна. Энэ зөв арга байгаа биз. Яг манай парламентад тохирно.
Уг нь манай УИХ-ын гишүүд бусдын өмнөөс санал өгдөг замбараагүй байдлаа хязгаарлахаар өөрсдөө хууль баталсан ч нэмэр алга. Кноп л харагдвал дараад авдаг муу зуршлаасаа салж чадахгүй байгаа юм. Санал хураах мөчид хажуудах нь эзгүй бол кноп руу нь баяртай гэгч нь хуруугаа явуулна. Урд, хойд талын ширээнийхэн ирээгүй бол азны юм болно. Албатай юм шиг ингэж санал өгчихөөд дараа нь "Ирц бүрдээгүй байхад санал хураалаа" гээд баахан хэрэлдэж суухыг нь яана. Төгөлдөр хуурч шиг мэргэшсэн кнопчин гишүүдийг хуулиар хязгаарлаж чаддаггүй юм бол Швейцарь шиг аргаар хазаарлаад авбал яасан юм. УИХ Тамгын газраараа асуудлыг шийдүүлчихэд ядах юмгүй гэдгийг ч зарим гишүүн хэлж байна билээ. Энэ парламентын хугацаа дуусахаас өмнө УИХ нэлээд хэдэн хууль баталж таараа. Гишүүдийн дийлэнх нь сонгуулийн сурталчилгаанд явж мэднэ. Овоо тооны кноп дарах нь гээд үлдсэн гишүүдийн хуруу нь загатнаж суугаа байх. Үүнээс урьтаад асуудлыг зохицуулчихвал гишүүд заавал өөрийн биеэр хуралдаа сууж санал өгнө, санал хураалт ч шударга болох биш үү.