Дэд комиссууд тохиролцоонд хүрч, Монгол, Оросын ЗГХК-ын хуралдаан эхлэхэд бэлэн боллоо
2018.02.28

Дэд комиссууд тохиролцоонд хүрч, Монгол, Оросын ЗГХК-ын хуралдаан эхлэхэд бэлэн боллоо

Москва хотноо энэ сарын 26-28-нд үргэлжилж буй Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 21 дүгээр хуралдааны үйл ажиллагааны хүрээнд Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13 дугаар хуралдаан энэ сарын 26 -ны өдөр болж өндөрлөлөө.

Дэд комиссын энэ удаагийн хуралдаан сүүлийн гурван жилд анх удаа болж байгаагаараа онцлог бөгөөд цаашид жил бүр зохион байгуулдаг уламжлалаа хадгалж ажиллах нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэдгийг талууд тэмдэглэв.

ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын талаас Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздев нар ахлан явууллаа.

Дэд сайд Б.Батцэцэг хуралдааны үр дүнгийн тухайд “Монгол, Оросын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13 дугаар хуралдаанд хоёр улсын Засгийн газрын төлөөллөөс гадна ОХУ-ын хил орчмын найман субъектын төлөөлөгчид хүрэлцэн ирж, нийт 50 гаруй төлөөлөгч оролцсон нь ач холбогдолтой боллоо. Монгол, Оросын  харилцаа өргөжиж, хамтран ажиллах сонирхол тэлж байгааг хоёр талын Засгийн газар дэмждэг хэдий ч бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж чадахгүй байгаагаа хуралдааны үеэр бид илэн далангуй ярилцлаа. Монгол, Оросын харилцааг илүү үр ашигтай болгоход хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааг өргөжүүлэх болон зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг асуудлаар санал нэгдсэн. Ингээд хоёр тал Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг сая үзэглэж ойрын хугацаанд байгуулахаар тохирсон нь Монгол, Оросын Засгийн газар бизнес эрхлэгчдээ дэмжих тодорхой зохицуулалт бий болгож байна гэж ойлгож болно. Түүнчлэн Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор нь бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нэг чухал хөшүүрэг болохыг тэмдэглэж бүхий л талаар дэмжиж ажиллахаар болов. Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотод гурван талын шинжээчдийн уулзалтыг явуулж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг тохирохоор товлолоо. Мөн энэ оны зургадугаар сард “Монгол, Оросын санаачилга 2018” цогц арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, түүний дотор чөлөөт бүсийн хамтын ажиллагааны талаар тусгайлан хэлэлцэхээр тохирлоо” гэв.

Энэ өдөр түүнчлэн Монгол, Оросын ЗГХК-ын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын 5 дугаар хуралдаан болсон юм. БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл тус дэд комиссын хуралдаанаас гарсан үр дүнгийн талаар хэлэхдээ “ОХУ-ын их, дээд сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлж 500-д хүргэсэн зэрэг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтрах олон ажилд бодитой ахиц авчирсан хуралдаан боллоо. Энд онцлон тэмдэглэхэд, ерөнхий боловсролын тусгай сургуулийн албан хаагч, багш-сэтгэлзүйч, согогзүйч багш, хэл засалч багш нарыг ОХУ-д бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах манай талын саналыг нааштайгаар хүлээн авч ажил хэрэг болгохоор тохиролцож чадлаа” гэв.  

ЗГХК-ын хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна. ЗГХК-ын 21 дүгээр хуралдаан өчигдөр болсон бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нарын ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалтаар эхэлсэн юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.