“Цэвэр агаар сан”-гийн хөрөнгө оруулалтанд аудит хийлгэх санал гаргалаа
2018.02.07

“Цэвэр агаар сан”-гийн хөрөнгө оруулалтанд аудит хийлгэх санал гаргалаа

Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар "Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл,“Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудал,Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай, холбогдох хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцлээ

"Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үндэсний аудитын газар нь 2019 онд  29 аудитын сэдвээр аудит хийхээр тусгасан байв.

Хуралдааны үеэр Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн "Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай" Байнгын хорооны тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын гаргасан гурван саналыг нэмж тусгасан төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  

Дараа нь “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.  

"Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг “Цэвэр агаар сан”-гаас 2012-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд  аудит хийлгэх санал өгчээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн саналыг өргөжүүлж, 2008 оноос хойш агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд аудит хийх шаардлагатай гэсэн санал гаргав. Уг саналыг гишүүдийн олонх дэмжиж “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд өөрчлөлт тусган, батлахыг дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай, холбогдох хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаар ахлуулахаар боллоо