2018.02.07

А.Сүхбат: Бид бие биеээ угаартуулж, хордуулаад МУУХАЙ амьдарч байгаа шүү дээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар /2018.02.06/  “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонссон. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат ТОСК-ын байрны хувиарлалтын аргыг сайжруулж, шилэн болох боломж байна уу? Энэ үнэхээр маш их хэл ам дагуулж байна хэмээн асуусан юм. Харин Нийслэлийн удирдлагын зүгээс шилэн болгох боломжтой хэмээн хариулсан. 

Мөн А.Сүхбат гишүүн Хотын удирдлага, барилга хот байгуулалты яам, мэргэжлийн байгууллагуудын байнга ярих ёстой зүйл бол “дагуул хот, шинэ суурьшлын бүсийн” асуудал шүү гэдгийг санууллаа.

Тэрээр өөрөө агаарын бохирдол, усны бохирдлын асуудлаар УИХ-ын ажлын хэсэг ахлаж байгаа билээ.

Тиймээс тэрээр энэ үеэр Улаанбаатар хот даац хэтэрсэн шүү гэдгийг сануулан, анхааруулсан юм. 

А.Сүхбат “Бид албатай юм шигээр Улаанбаатар хот бөөнөөрөө ирцгээчихээд бие биеээ угаартуулж, хордуулаад их муухай амьдарч байгаа шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар хотын хөрс суурьшлаа даахаа больсон байна. Усны хомстлын асуудал харанга цохиод эхэлчихсэн, агаарын бохирдол нь гамшгийн байдалтай, төв цэвэрлэх байгууламж нь ачааллаа дахаа больсон. Ийм байхад Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, барилгажилт ярихад хэцүү байгаа шүү дээ. Муу нуухаар сайн илчил гэж бүгдийг ярих хэрэгтэй. Улаанбаатар үнэхээр даахаа больсон” гээд тэрээр Бээжингийн туршлагаас судалсан талаар хэлсэн юм.