Ц.Баатархүү: Хотын захиргааг нүүлгэх нь ЗӨВ ч гэр хорооллоо хаяад ЗУГТАЖ болохгүй
2018.01.23

Ц.Баатархүү: Хотын захиргааг нүүлгэх нь ЗӨВ ч гэр хорооллоо хаяад ЗУГТАЖ болохгүй

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийслэлийн төсөв оны өмнө батлагдсан. Төсөв батлагдахтай зэрэгцээд л янз бүрийн шүүмжлэл гарсан. Одоо ч гарсаар байгаа. Танай намын зүгээс ч гэсэн зарим зүйлд шүүмжлэлтэй хандаж байгаа байх?

-Нийслэлийн төсвийн орлого энэ жил нэмэгдэж 800 тэрбумаар батлагдсан. Өнгөрсөн 2016 оны төсвийн орлоготой харьцуулах юм бол 46 тэрбум төгрөг буюу 44.5 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Энэ жил хот төсөв мөнгөөр огт дутахгүй. Нийслэлийн төсвийн энэ жилийн онцлог гэвэл 90 хувийг нь татварын орлогоор бүрдүүлнэ. Нийслэлийн төсвийн орлогын 10 төгрөг тутмын есийг нь татвар төлөгчид бүрдүүлж байна гэсэн үг.

Татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлж байгаа энэ төсвөө иргэдэд ээлтэй, хөгжилд чиглэсэн зүйлд зарцуулах ёстой гэсэн шаардлагыг манай намын бүлгээс тавьж байгаа. Яагаад гэвэл, Улаанбаатар хотын төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр урсгал зардал дагаж өссөн. Уг нь бид бүсээ чангалъя гэдэг уриалга гаргаад байгаа биз дээ. Харамсалтай нь, чадахгүй байна. Энэ жилийн төсвийн урсгал зардал өнгөрсөн оныхтой харьцуулахад, 33 тэрбумаар нэмэгдсэн.

-Урсгал зардал нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь юу байна?

-33 тэрбумын задаргааг аваад үзвэл, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны зардал өмнөх оныхоос 5.8 хувиар буюу есөн тэрбумаар нэмэгдсэн. Нийслэлийн Засаг даргын захиран зарцуулдаг төсвийн нөөц хөрөнгө гэж байдаг.

 Энэ хөрөнгө 12.5 хувиар нэмэгдсэн.

Нийслэлийн Засаг дарга төсвийн хэмнэлтийг манлайлах ёстой хүн. Гэвч энэ жилийн төсвийг оруулж ирэхдээ урсгал зардлаа нэмэгдүүлсэн. Нэмэгдсэн 33 тэрбум төгрөгийг бид урсгал зардалд биш орон сууцны хөтөлбөр, гэр хорооллын дэд бүтцэд зарцуулах юм бол 3200 орчим янданг цөөлөх боломж байна. Улаанбаатар хотын иргэн, улс төрч болгоны ярьж байгаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлд энэ хөрөнгийг зарцуулбал яасан юм бэ гэдэг саналыг хүртэл бид өгсөн.

-Аз жаргалын индекс боловсруулахад тэрбум төгрөг төсөвлөсөн юм билээ. Гэтэл аз жаргалын индекс боловсруулах ажлыг маш бага мөнгөөр боловсруулж болно гэсэн мэдээлэл гараад байна?

-2017 оны төсөв батлахад Аз жаргалын индекс боловсруулна гэж тэрбум төгрөг батлуулсан. Бид тухайн үед маш шүүмжлэлтэй хандаж байсан.

Гэтэл 2018 оны төсөв батлахад мөн л “Аз жаргалын индекс”    боловсруулна гээд дахиад тэрбум төгрөг батлуулсан.

Бид боловсруулсан индексийн чинь үр дүн хаана байна вэ? Улаанбаатарчуудын аз жаргал ямар төвшинд байгаа юм вэ, тайлангаа олон нийтэд танилцуулах ёстой гэж шахаж байгаа. Энэ бол төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаагийн хамгийн тод жишээ шүү гэж шүүмжлэлтэй хандаж, бууруулах саналыг' удаа дараа гаргасан. Гэвч олонхи хүч түрээд баталчихсан.

-Тэр индексийг нь жил болгон боловсруулах ёстой юм уу. Хоёр жил дараалж тэрбумаар нь хөрөнгө төсөвлөсөн байхыг бодоход?

-Нэг удаадаа индексээ босгочихвол тоогоо өөрчлөөд л оруулаад байж болно. Нэг хүнд оногдох автомашины тоо тэд байсан. Энэ жил тэд боллоо. Тэдэн хувиар өслөө гээд л тооцчихно. Үндэсний статистикийн газар, бусад агентлагууд нийлээд хийчих л боломжтой ажил. Ер нь төсвийн цоорхой маш их байна. Аз жаргалын индекс гэлтгүй төрийн болон орон нутгийн өмчит компаниуд байна.

Энэ бол улс төрийн намуудын албан хаагчдад ажлын байр бэлдэж, цалин өгдөг газар л болж хувирсан. Өндөр цалинтай, 10 гаруй захиралтай Төрийн банк гэж байх жишээтэй. Дэлхийд хамгийн өндөр үнээр нислэг хийдэг МИАТ байна. Бид үүнийг зах зээлийн зарчим руу нь шилжүүлэх шаардлагатай болчихоод байна шүү дээ.

-Нийслэлд Агаарын бохирдлыг бууруулах газар гэж байгаа. Энэ газарт агаарын бохирдлын хор уршгийг иргэдэд сурталчлах зорилгоор 500 сая төгрөг төсөвлөсөн гэсэн мэдээлэл байна?

-2017 онд агаар орчны бохирдлыг бууруулах ажилд зориулж НИТХ 3.8 тэрбум төгрөг баталсан. Энэ дунд манай бүлгийн болон иргэдийн шүүмжлэлд өртөж буй нэг зүйл агаарын бохирдлыг сурталчлахад тавьж буй зардал. Улсын төсвийн задаргаанд БОАЖЯ-нд 500 сая төгрөг төсөвлөсөн байсан. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт агаарын бохирдлыг сурталчлахад мөн 100 сая төгрөгийг суулгасан байна. Үндсэндээ Улаанбаатар хотыг агаар, орчны бохирдол ихтэй байна гэдгийг сурталчлахын тулд 600 сая төгрөг зарцуулах юм байна. Бид агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг бүгд ойлгож байгаа. Бүгд хэлэлцэж, ярьж байна.

Өвөлдөө ярьдаг нэг том сэдэв нь энэ.

Ийм байхад агаарын бохирдлыг сурталчлахад зориулж төсөвт хагас тэрбум гаруй төгрөг баталж байгаа нь ямар учиртай юм. Ер нь цаашдаа энэ батлаад байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр ашгийг тооцдог, дүгнэдэг болох шаардлагатай байгаа юм.

Тухайлбал, агаар орчны бохирдлыг бууруулахад том бодлого хэрэгтэй. Түүнийгээ тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Гэтэл хотын хувьд хамгийн ажил хэрэгч байх ёстой Агаарын бохирдлыг бууруулах газрын удирдлага удаа дараа солигдож байна. Саяхан манай бүлэг хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах газрын удирдлагуудыг дуудаж мэдээлэл сонссон. Гэвч тэд нэгдсэн тоон мэдээллээ ч өгч чадахгүй байна.  

3.8 тэрбум төгрөгийн үр ашиггүй зарцуулсан байна лээ. Тэдний өгч байгаа тайлангаар бол мастер төлөвлөгөө боловсруулахад 100 сая төгрөг зарцуулсан байх жишээтэй. Тэр нь хаана байгаа юм бэ мэдэхгүй. Зорилтот бүлгийн 390 айлд гурван сая төгрөгийн зуух тараахаар бохлзхбаягаа. талыг нь тараагаад байгаа юм байна. Энэ мэтээр мөнгө үрсэн.

Тэгсэн хирнээ ямар айлд зуух өгсөн гэдэг тоон мэдээллээ ч өгч чадахгүй байна. Ямар ч бодит тайлан байхгүй. Тиймээс бид энэ сарын 26-нд болох хурлаар тайланг дахиад нэхнэ.

-Агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний хороо ч гэж бий. Сая Агаарын тухай хууль батлахдаа агаарын бохирдолтой тэмцэх сан байгуулчихлаа. Үүний хажуугаар нийслэлд Агаарын бохирдлыг бууруулах газар гэж байх шаардлага байна уу. Эсвэл нийслэл гэдэг утгаараа ийм газар байх ёстой юм уу?

-Нийслэлд Агаарын бохирдлыг бууруулах газар байх нь зөв. Гол нь Засгийн газрын болон нийслэлээс хийж байгаа ажил уялдах ёстой. Бодлого нь нэг байх хэрэгтэй юм. НИТХ-аар баталсан төсөл хөтөлбөрт татвар төлөгчдийн мөнгийг зарцуулаад улсын төсөвт байгаа татвар төлөгчдийн мөнгийг дахиад өөр нэг зүйлд зарцуулаад , бие биеэ дэмжихгүй уялдаагүй бодлоготой байж болохгүй юм. Хамгийн чухал зүйл нь судалгаатай шийдвэр гаргаад, бодлогоо далайцтай, шат шатандаа л хэрэгжүүлэх ёстой.

УИХ, Засгийн газар нэг зүйл ярьдаг. Нийслэл өөр зүйл ярьдаг байж болохгүй. Төсөв мөнгө боломжтой байна. Харин яг байгаа оносон, зөв шийдвэр гаргаж чадахгүй, дахиад л зуух, түлшний талаар яриад эхэллээ. Бид гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох. Нөгөө талдаа дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажлыг бид эхлүүлсэн.

Ер нь утаатай тэмцэхийн тулд утаа гаргаж байгаа шалтгаантай тэмцэх ёстой. Тэр шалтгаан нь ажилгүйдэл, ядуурал байдаг. Агаарын бохирдлыг бууруулах ажил ажилгүйдлийг бууруулахтай салшгүй холбоотой.

Энэ утгаараа бид гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах ажлыг сууриар нь шийдье гэдэг саналыг оруулж, батлуулж байсан. Харин эрх баригчид гэр хорооллын дахин төлөвлөлт бол бүтэшгүй зүйл гэж харуулахын тулд нэг жил гацаасан. Би Монголд ажил явахгүй байгаагийн гол шалтгаан нь эрх барьж байгаа нам өмнөх намын хийж байсан ажил буруу байсан гэж харагдуулахын төлөө явж буйд л оршиж байна гэж хардаг. Зүгээр л өмнөх ажлаа хийгээд явбал иргэд ч ойлгоод, дэмжинэ.

-Хотын дарга саяхан нийслэлийн захиргааг Яармагийн дэнж рүү нүүлгэнэ гэж мэдэгдлээ. Өмнөх удирдлагуудын үед Баянхошуу руу нүүлгэх талаар ярьж, тооцоо, судалгаа хийж, хөрөнгө мөнгө зарцуулсан байх. Одоо дахиад л тооцоо, судалгаа хийж, мөнгө үрэх болчихлоо?

-Хотын захиргааг нүүлгэх нь буруу биш. Өмнөх дөрвөн жилд нүүлгэе гэж ярьсан. Нүүлгэхдээ Улаанбаатар хотынхоо агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэж, Баянхошуунд дэд бүтэцтэй болгоё гээд газрыг нь шийдээд, зураг төслийг нь хийчихсэн. Гэтэл 2018 оны төсөвт Улаанбаатар хотын захиргааг нүүлгэх ажлын эхний зардал гээд 1.5 тэрбум төгрөг суулгасан.

Хаашаа нүүлгэх гэж байгааг нь асуусан чинь Богд уулын нэг ам руу явах болж таарсан.

Бид “Улаанбаатар хотын захиргааныхан утаанаас зугтаж, Богд уулын ам руу явлаа. Уг нь гэр хорооллынхоо нэг халуун цэгт очоод, тэнд байгаа хэсэг айлын янданг байхгүй болгоод, дэд бүтэцжүүлж, хотын захиргаагаа нүүлгэе. Тэр байр сууриа бид өөрчлөхгүй” гэж хэлсэн.

Богд уулын нэг аманд очно гэдэг тийм ч оновчтой шийдэл биш. Гэр хорооллоо хаяад нүүж болохгүй.

-Нийслэлийн шинэ удирдлагууд ажлаа авсан даруйдаа л гэр хорооллын дахин төлөвлөлтийг байгаа оноогүй, олон иргэд хохирсон гэж мэдэгдсэн. Бид иргэдийн асуудлыг шийдсэн ч гэж ярьсан. Үнэхээр тийм бүтэл муутай байсан юм уу. Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлтийн ажил хийсэн компаниудаас хэчнээн нь иргэдийг хохироосон юм Тийм тоон мэдээлэл байна уу?

-Бид ч гэсэн тэднээс шаардсан. Дахин төлөвлөлт буруу байсан, иргэд хохирсон юм бол ямар, ямар компани ажлаа дутуу хийснийг мэдээлээч ээ гэж. Гэтэл тэд дахин төлөвлөлт болохгүй байна гэж бөөрөнхийлсөөр байгаад нэг жил гаруйн хугацааг өнгөрөөлөө. Гэр хорооллын дахин төлөвлөлт, тэнд барилга барих санхүүжилт бизнес эрхлэгчдийн нуруун дээр л явж байсан.

Бизнес эрхлэгчид өөрсдөө мөнгө босгоод, хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. 200 мянга орчим айлын янданг богино хугацаанд устгаж, дэд бүтэцжүүлнэ гэвэл татвар төлөгчдийн мөнгө хүрэхгүй. Тийм төр, хувийн хэвшлийн түншлэлийн сонгодог жишгээр л гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийж байсан.

Энэ ажил буруу байна, бид гэр хорооллыг шинэ үзэл баримтлалаар хөгжүүлнэ гэдэг нэрийдлээр энэ ажлыг гацаасан. Одоо шинэ үзэл баримтлалаар яаж хөгжүүлэх юм бэ гэдэг нь тодорхой биш байна. Иймэрхүү байдалтайгаар бид 1.5 жилийг алдчихлаа. Улаанбаатар хот цаашид хөгжих гол боломж нь гэр хороолол.

Гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтэцжүүлэх ажлыг дотоодын компаниудын дэмжлэгтэйгээр хийвэл ажлын байр бий болно. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Агаар орчны бохирдол буурна.

-НИТХ-ын төлөөлөгчид урамшуулал авч байгааг иргэд шүүмжилж байгаа. Төлөөлөгчид энэ жил урамшуулал авах юм уу?

-Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардлын талаар төсөв хэлэлцэх үеэр ярьдаг. Хэвлэлийнхэн ч гэсэн нэлээд асууж, тодруулдаг. Энэ жил ч бас тойрогтоо ажиллах зардлын талаар ярьсан. Гэхдээ одоохондоо яг өгөхөөр шийдчихсэн зүйл байхгүй.

Иргэдийн хурлын 76 хувийг бүрдүүлж байгаа 34 суудалтай эрх баригчид энэ асуудлаа шийдэх байх. Бид шийдвэрт нөлөөлөх нөлөөлөл багатай. Шийдвэр чинь буруу байна гэдгийг хэлж, ард түмэнтэйгээ хамт хяналт тавиад л явдаг.

-Таны хувьд урамшуулал гэж хэлээд байгаа энэ мөнгийг өгөх шаарддагтай гэж үзэж байна уу?

-Би зарчмын шинжтэй хоёр, гурван саналыг хэлье. Цаашид НИТХ байнгын ажиллагаатай байх уу, үгүй юу гэдгийг шийдэх ёстой. Хэрвээ НИТХ байнгын ажиллагаатай байна гэвэл тодорхой хэмжээнд тойргийн зардал олгох ёстой. Харин байнгын ажиллагаатай байхгүй гэж үзвэл урамшуулал гээд байгаа мөнгийг өгөх шаарддаггүй. Нөгөө талаар, НИТХ-ын 45, дүүргийн 350 төлөөлөгч байгаа. НИТХ-ын болон дүүргүүдийн иргэдийн хурлын үйл ажиллагааны давхцлыг нэг тийш нь шийдэх ёстой.

Өнөөдөр 400 орчим төлөөлөгч байна. Хэн нь юу хариуцах юм бэ гэдэг нь тодорхой биш. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй.

Түүнээс гадна НИТХ гэдэг байгууллага цаашид юу хийх юм бэ гэдэг нь энэ үед тодорхой биш болчихлоо. Сөрөг хүчин шаардаж байж хуралдсан болдог. Төсөв баталдаг, Засаг дарга томилдог л байгууллага болсон. Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, бодлого боловсруулж хэрэгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг хариуцлагыг бид хүлээж чадахгүй байна. 

НИТХ-аар 2016 оноос хойш батлагдсан журмуудаас ердөө ганцханыг нь Хууль зүйн яам бүртгэсэн. Бусдыг нь бүртгээгүй. Бид зөвхөн цаас л батлаад байна. Цаашид Монгол Улсын хэмжээнд ямар нэгэн нам, улс төрийн хүчин гэхгүйгээр Иргэдийн хурал буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол болохоо больчихлоо.

-Энэ сарын 26-нд болох хурлаар нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар танай намын бүлэгт мэдээлэл ирсэн үү?

-Бид нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, 2017 оных нь ажлын гүйцэтгэлд хангалтгүй гэдэг үнэлэлт өгсөн. Өөрөөр хэлбэл, Засаг даргыг донгодсон. Харин огцруулах тухай асуудлыг манай намын бүлэг одоогоор яриагүй байна.

-МАН-ын намын 34 хүнтэй бүлэг хоёр хуваагдчихсан байгаа. Нэг бүлгээс нь Засаг даргыг огцруулах саналыг оруулж ирээд хэлэлцвэл танай намынхан ямар байр сууринаас хандах вэ?

-НИТХ-д хоёр нам суудал авсан хэдий ч гурван бүлэгтэй юм шиг ажиллаж байна. Эрх барьж байгаа МАН хоёр бүлэгтэй болчихсон. Хэрвээ нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудал оруулж ирвэл бид үндэслэлүүдийг нь харна. Манай намын бүлгээс тавьж байгаа шаардлага, үндэслэлүүдтэй адилхан байвал бид бодолцож үзнэ. Бид нэг л зүйлийн төлөө ажиллаж байгаа.

Нийслэлчүүдэд хэрэгтэй, иргэдээ хамгаалдаг, тэдний төлөө Засгийн газартай үг хэлээ ололцож чаддаг удирдлага хэрэгтэй гэж манай бүлгийнхэн үзэж байгаа. Өнөөдөр татварын нэмэгдэл, шатахууны үнийн хөөрөгдөл, түүнийг дагасан бараа, үйлчилгээний нэмэгдэл Монголын иргэн болгонд хохиролтойгоор нөлөөлж байна. Нийслэлчүүд асар их хохирч байна.

Ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын нэмэгдэл хүндээр тусч байна. Гэтэл нийслэлчүүдээ хамгаалах бодлогыг нийслэлийн удирдлагууд огт боловсруулаагүй. Энэ талаар бид нийслэлийн удирдлагуудад шүүмжлэлтэй хандаж байгаа. Бид ‘Та нар нэг нам гээд ханцуй дотроо тохироод, амласан амлалтынхаа эсрэг ажиллаад, иргэдээ хохироосон шийдвэр гаргаад, төсвийн цоорхойгоо ард түмний цалингаас татвар авах маягаар нөхдөг буруу жишгээ болиоч” гэсэн шаардлагыг эрх баригчдад өгсөн.

УИХ-ын бүлэг, манай бүлэг ч өгч байгаа. Бид хоёрдугаар сарын 01-д татварын нэмэгдлийг буцаахыг шаардсан жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгүүлч Н.Пунцагболд