2018.02.06

УИХ-ын намрын чуулган үр дүнгийн талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв

УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногийн Баасан гарагт хаалтаа хийнэ. Энэ удаагийн намрын чуулган үр дүн муутай, гол зорилгоо биелүүлж чадаагүй, чуулганы дийлэнх хугацааг улстөржиж өнгөрөөлөө гэж сөрөг хүчин үзэж байна. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Бодлогын шинжтэй хуулиуд орж ирсэнгүй. Засгийн газраас ч тэр, УИХ-аас ч тэр бодитой тусах зүйл байсангүй. Намрын чуулган Засгийн газар огцрох, шинэ Ерөнхий сайд томилох асуудлаар эхэлсэн. Бодит байдлыг харах юм бол хоёр л үндсэн зарчмын зүйл шийдлээ гэж харж байна. Нэгдүгээрт, төрийн албаны тухай хуулийг баталлаа. Хоёрдугаарт, банкны системийн эрхзүйн орчныг шинээр бүрдүүлэх бололцоог олголоо.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Наадмын дараагаас хойш Засаг төртэйгөө ноцолдсоор байгаад төсөв батлах хүртэл сунжирлаа. Уг нь наадмын дараанаас эхлээд л намар, өвөлдөө бэлтгэх, ажлууд их байдаг. Гэтэл улстөрийн бужигнаантай болсонд харамсаж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Банкны системд хийгдэх ёстой хууль дагасан олон реформуудыг Төв банкны тухай болон Банкны тухай хууль, Хадгаламжийн даатгалын корпораци гэх зэрэг шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж чадсан.