Г.Тэмүүлэн: Монголчууд бид талцал, хагаралгүй байж улс орноо хөгжүүлнэ
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-Төр засгийн зүгээс гар дүрэхгүй салбар гэж үгүй болсон. Айлын гэрт хамт амьдрахаас бусдаар төр бүх зүйлд оролцож байгаа. Төрийн хэт их оролцоо хийгээд талцал хуваагдал, намчирхалаас гарах гарц нь юу байх вэ. Магадгүй Үндэсний эв нэгдлийг хангах тухай таны өргөн барихаар зэхэж буй хуулийн төсөл нөлөөлж чадах уу?
-Монголчууд бид ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжснээр 28 жил өнгөрлөө. Энэ 28 жилийн хугацаанд улс орны хэмжээнд хийсэн бүтээсэн амжилт, олсон ололт мэдээж олон байгаа. Гэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин хүссэн хэмжээнд хүрээгүй, ард иргэд өнөөдрийн нөхцөл байдалдаа төдийлөн сэтгэл хангалуун бус байна.
Хөгжлийг хэмждэг нийтлэг хэмжигдэхүүн болох эдийн засгийн хөгжлөөрөө манай улс дэлхийн 203 орноос 102 дугаарт эрэмбэлэгдэн тэг дундуур нь л явна. Түүнчлэн макро эдийн засаг нь тогтвортой биш, ДНБ нь өсөөд байгаа хэрнээ ямар ч өөрчлөлт гардаггүй. Ядуурал их, улсын өрсөлдөх чадвар сулаас эхлээд асуудлууд бий. Улс орны хөгжлийг хэмждэг бусад хэмжигдэхүүн болох хүн амын амьдралын түвшин, хүний хөгжлийн индексээрээ ч хангалттай түвшинд хүрээгүй л байна.
Нөгөө талдаа төр засаг нь тогтворгүй, институцийн тогтолцоо нь энэ хугацаанд хэврэг явж ирлээ. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд 18 Засгийн газар, 20 Ерөнхий сайд солигдсон түүх байдаг. Үүний уршгаар урт хугацаанд ямар нэг бодлогогүй, төрийн залгамж шинж чанар, залгамж халаа байхгүй болсон зэрэг энэ олон асуудлууд Монголын нийгэмд үүсээд буй улс төржилт, намчирхлаас үндэс эх, суурьтай. Өөрөөр хэлбэл засаг захиргааны анхан болон дунд шатны нэгж баг, хороо, сум, дүүрэг болон аж ахуйн нэгж, байгууллагын салаа мөчир бүрт бий болсон энэ хэт улстөржилт, намчирхал Монголчууд бидний алсын харааг халхалж, хөгжлийн замд чөдөр, тушаа болсоор байна.
-Улс төржилт бүх шатандаа хэрээс хэтэрсэн гэдгийг хүн бүр мэднэ. Үүнийг засч байна гээд Төрийн албаны тухай хуулиасаа эхлээд нэмэлт, өөрчлөлт оруулаад ч нэмэр алга. Цаашдын зөв гарцыг нь та юу гэж харж байна вэ?
-Төр засгаасаа эхлээд баг, хороо хүртлээ бодлого нь хэрэгждэггүй, улс төржсөн, байдлыг анхан шатнаас нь эхлэн цэгцлэх хэрэгтэй. УИХ дахь залуу гишүүний хувьд залуучуудтайгаа хамтран “Үндэсний эв нэгдлийг хангах тухай” хууль болон бусад таван хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Бүх шатанд хачиг мэт үүрлэсэн намчирхал, талцлыг зогсоох хууль эрх зүйн гарц шийдэл, боломж бололцоо бидэнд байна гэж үзэж байгаа. Ард иргэд, төрийн албыг хий хоосон улстөржилт, намчирхалаас ангид байлгах, анхан дунд шатанд улс төрийн намын оролцоогүйгээр иргэд өөрсдийн төлөөллийг сонгодог болох хэрэгтэй байна. Үндэсний язгуур эрх ашгийн асуудлаар Монголчууд нэгдмэл байр суурьтай байх, төрийн албанд улс төрийн зарим үйл ажиллагааг хязгаарлан намчирхал, талцлыг зогсоох замаар үндэсний эв нэгдлийг хангахад энэ хуулийн гол зорилго оршиж байгаа.
-Заавал ингэж байхаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөрөө үүнийг шийдэж болохгүй юу. Үндсэн хуулинд агуулгаар нь тодорхой суулгаад өгчихвөл өгөөж нь илүү юм биш үү?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал өнөөдөр яригдаад явж байгаа нь үнэн. Гэхдээ бидний зүгээс санаачилсан хуулийн төсөл маань Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр нийцүүлээд явах бүрэн боломжтой. Өнгөрсөн хугацаанд бий болсон улс төр, нийгмийн түвшинд үүссэн энэ гажуудал бол Үндсэн хуулийг тухайн цаг үедээ өөрсдийнхөөрөө тайлбарлаж, өөрсдөд болон улс төрийн нам хүчнүүдэд ашигтай байдлаар органик хуулиудад тусган, улс төрийн нам хүчний оролцоо, нөлөөг хэт дөвийлгөсөнд оршиж байгаа. Үүнийг одоо засаж залруулахгүй бол болохгүй нь ээ.
-Үүнийг дагаад хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж та мэдэгдэж байсан даа. Тэр тухайгаа тайлбарлахгүй юу?
-Малгай хуулийнхаа хүрээнд Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар төслөө боловсруулсан. Уг өөрчлөлтийн хүрээнд дөрвөн том бодлогын өөрчлөлт, концепци гарч ирэх юм.
-Тухайлбал...
-Нэгдүгээрт, анхан, дунд шатанд болон хөдөө орон нутагт боловсон хүчний нөөц, бололцоо муутайг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл энэ намчирхал, талцлаас болж өнөөдөр байгаа цөөн хэдхэнбэлтгэгдсэн боловсон хүчнүүд нь сонгуулийн циклээр халагдаж солигддог, ажилгүй болсон нь намчирхаад дараагийн сонгуульдаа бэлддэг боллоо, эсхүл ажилтай болсон нь алагчилсан бодлогыг ард иргэддээ явуулдаг, төрийн үйлчилгээг анхан шатанд иргэддээ ялгавартайгаар хүргэдэгийм гажууд тогтолцоо бидэнд бий болжээ. Ороо бусгаа энэ бүгдийн ард, эцсийн дүндээ хэн хохирдог вэ гэхээр ард иргэд хохирдог, улс орны хөгжил дэвшил хойшилж удааширдаг.
Тэгэхээр энэ хуулийн төслийн хүрээнд хийх өөрчлөлт маань анхан дунд шатны сонгууль болон төрийн тогтолцоог өөрчлөе, улс төрийн намуудын оролцоог энэ түвшинд хязгаарлая гэж зорьж байгаа. Анхан ба дунд шатны иргэдийн нийтийн болон төлөөлөгчдийн хурлын түвшинд улс төрийн намуудын оролцоог болиулж иргэд намын харьяалалгүй төлөөллийг сонгох, баг, хороо, сум дүүргийн засаг захиргааны нэгжид улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох замаар хагарал талцлын асуудлыг шийдвэрлэх боломжтойгэж үзэж байгаа. Ингэснээр анхан,дунд шатанд иргэд улс төрийн намаас бүрэн хараат бус хүнийг, улс төрийн намын оролцоогүйгээр сонгодог болно. Иргэддээ танигдсан, иргэд нь итгэдэг ийм боловсон хүчнээ намын харьяалалгүйгээр, өөрсдийгөө удирдуулах боловсон хүчнээ сонгох боломжтой болно.Манайхан нэг ярьдаг даа, энэ хүн ч мундаг нуруутай, дайчин, зүтгэлтэй, үнэхээрийн нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүн шүү гээд. Ийм л хүнээ сонгодог болоё. Цаашид хөдөө орон нутаг, баг дүүрэгт байгаа цөөхөн боловсон хүчнийхээ нөөцийг намын харьяалалаар халаа сэлгээ хийхгүйгээр 100 хувь бүрэн ашиглах боломж хуулийн хүрээнд бүрдэнэ.
Мөн хуулийн өөрчлөлтийн хоёр дахь гол үндсэн өөрчлөлт, хүлээж байгаа үр нь Монгол Улсын язгуур эрх ашгийн асуудлаар үндэсний зөвшилцлийн эрх зүйн орчин, ил тод шийдвэр гаргах зөвшилцлийн тогтолцоог бий болгоход оршиж байгаа. Өнөөдөр сонгуульд улс төрийн намууд МУ-ын язгуур эрх ашигт сөргөөр нөлөөлөх аливаа амалгаа, амлалтуудыг уралдан амлаж ирсэн. Улс төрийн амалгаанууд, төрийн бодлогын тогтворгүй байдал нь урт хугацааны хөгжлийн бодлогод сөргөөр нөлөөлж ирсэн. Гэтэл цаана нь Монгол төрийн бодлогын залгамж чанар гэдэг зүйл байхгүй боллоо. Одоо бид улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг, үйл ажиллагааны хэрэгжилтийг язгуур эрх ашиг, том бодлогынхоо хил хязгаарын хүрээнд хязгаарладаг байх шаардлагатай байна. Том хөгжлийн бодлого дээрээ Монголчууд нэгддэг, нийлдэг, хөгжлийн нэг бодлого, чиглэлтэй, нэг зорилготой байх шаардлага байна. МАН гарлаа гээд зүүн тийшээ, Ардчилсан нам гарлаа гээд баруун тийшээ явна гээд буруу ишилсэн сүх шиг хоёр талдаа байгаад байж болохгүй. Тэртээ тэргүй Монгол Улсын хөгжлийн бодлого нэг байх ёстой.
Тэгэхээр сонгуулийн өмнө улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагууд үндэсний зөвшилцлийн бодлого дээрээ нэгдэж ойлголцдог болох эрх зүйн орчин, тогтолцоог бий болгохоор хуулийн төслийн хүрээнд боловсруулсан. Цаашид улс төрийн намын үзэл баримтлал, чиг хандлагын ялгааг үл харгалзан тэр зөвшилцсөн хөгжлийн бодлогоо бүх Засгийн газар хэлбэрэлтгүй, тууштай сахиж хэрэгжүүлдэг, биелүүлдэг болох тогтолцоог улс төрийн намуудын хариуцлагын хүрээнд бий болгоно. Сонгуулийн тодорхой хугацааны дараа тухайн хэрэгжилтийг хянадаг, биелүүлээгүй бол хариуцлага тооцдог, тухайн намын үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарладаг хатуу хариуцлагын тогтолцоог хийе. Монгол хүн бүр нэг л хүсэл мөрөөдөл, нэг л зорилготой, тэр зорилго, язгуур эрх ашгийн зарчмын асуудлаараа Монголчууд бид санал нэгддэг, эв нэгдлийг хангадаг байхнь зарчмын асуудал биз дээ.
-Олон жил явсан энэ улс төрийн тогтолцоо нурах уу. Нэлээд хугацаа шаардах байх даа...
-Бидний боловсруулсан хуулийн төслийн хүрээнд мөн түрүүний ярьсан зүйлүүдээс гадна төрийг илүү бэхжүүлж, төрийн жинхэнэ албыг аливаа улс төрийн намаас бүрэн хараат бусбайлгах гарц шийдлийг эрэлхийлж байгаа. 1994 онд баталсан Төрийн албаны тухай хуульдаа 2002, 2008, 2017 онуудад нэмэлт өөрчлөлтүүд хийлээ.Гэтэл өнөөдөр төрийн үйл ажиллагаа, томилгоонд улс төрийн намууд шууд болон шууд бус байдлаар оролцдог, нөлөөлдөг улс төрийн тогтолцоо ил болон далд хэлбэрээр амь бөхтэй оршсоор байна. Одоо байтлаа Засгийн газар өөрчлөгдөх тоолонд төрийн албанд дураараа халаа сэлгээ хийдэг болж байна. Төрийн алба тогтворгүй, улс төрийн намууд хариуцлагагүй байхад бид цаашид хөгжлийн талаар ярих ямар ч боломжгүй. Ийм стандарт бус зүйлийг цэгцэлье гэж зорьж байгаа.
Манай нийгэмд ажилтай, амьдралтай байя гэвэл улс төрийн намаар дамжиж, төрийн албанд хүрдэг, улс төрийн нам төрийн албан хаагчдыг бэлтгэдэг ийм гажууд тогтолцоо бий болчихоод байна. Сонгуульд нэр дэвшин ялагдал хүлээсэн, намдаа нөлөөтэй хүмүүс төрийн жинхэнэ албан хаагч, агентлагийн дарга болдог, тэр нь төрийн албанд явцуу эрх ашгийн төлөө явдаг, улс төрийн намын нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг, улс төрийн чиг баримжаатай шийдвэрүүд гаргадаг нь нууц биш. Дээр түрүүн хэлсэнчлэн бид Төрийн албаны тухай хуульдаа хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч төрийн албыг улс төрөөс ангид байлгах асуудалд цэг тавьж чадсангүй. Тиймээс улс төрийн намуудын оролцоо нөлөөлөл, зарим үйл ажиллагааг хязгаарлах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож, хариуцлагын горимыг зөрчсөн аливаа улс төрийн намын үйл ажиллагааг зогсоодог тогтолцоотой болох хэрэгтэй байна.
-Өнгөрсөн онд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад та яг иймэрхүү утга бүхий үг хэлж байсан. Д.Лүндээжанцан гишүүн заалт болгоод оруулчихад буруудах зүйл алга гэж байсан ч ороогүй юм байна. Энэ хуулийн төслийг чинь улс төрийн намууд тэр дундаа танай намын ах нар хүлээн зөвшөөрөх үү.
- Төрийн албаны тухай хуульд анхан дунд шатанд төрийн албыг бэхжүүлэх тухай саналын томъёоллыг хэлэлцүүлж гаргаж хэлэлцүүлж байсан. Улс төржилт, талцалын асуудлыг цогц байдлаар нь шийдэх хэрэгтэй гэдэг саналын үндсэн дээр хойшлуулсан. Бидний зүгээс боловсруулсан хуулийнхаа төслийн хэлэлцүүлгүүдийг ирэх хоёр сарын хугацаанд зохион байгуулж, хүн бүрээс саналыг авахын төлөө ажиллана. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 5-нд Үндэсний зөвшилцийн чуулган, хэлэлцүүлгийг хийн, үүний дараа хуулийн төслөө өргөн УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Монголчууд бид талцал, хагаралгүй байж улс орноо хөгжүүлнэ шүү дээ.
-Өнөөдөр бензин, шатахууны хомсдол, үнийн хөөрөгдлөөс болж бухимдал багагүй байна. Засгийн газрын зүгээс А-80, АИ-92 зэрэг бензиний онцгой албан татварыг тэглэж, бусад шатахууны татварын нэмэгдлийг хэвээр үлдээсэн. Өмнө нь та Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа Үнийн зөвлөлийг тэргүүлдэг байсан. Тэр үед үнэ дээр ямар арга хэмжээ авч байсан бэ. Одоо хэрхэх нь илүү үртэй дүнтэй бол?
-Монгол Улсын бензин, түлшний хангамж ерөнхийдөө нэг улсаас, импортоос бүрэн хамааралтай. Бид хангамжийн асуудлаа нэгдүгээрт тавихаас илүүтэй шатахууны үнийг тогтвортой байлгах тал дээр түлхүү анхаарч ирсэн. Үүнээс улбаатайгаар үеийн үед хангамжийн салбар доголдох, үүнээсээ улбаалаад үнийн тогтворгүй байдал бий болох нөхцөл үүсч байсныг бид бодох хэрэгтэй. Бензин, түлшний хангамж, үнийн асуудал зөвхөн өнөөдөрбидэнд тохиолдож буй хүндрэл биш. Үе үеийн Засгийн газрын хүндхэн ачааны нэг байсаар ирсэн.
Гэтэл нэгдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас А-80, АИ-92 гэсэн октан багатай түлшнүүдийн онцгой албан татварыг тэглэсэн асуудал иргэдийн чихэнд чимэгтэй мэдээ мэт сонсогдож байгаа ч түр зуурын гал унтраах төдий татварын хүчээр зохицуулах арга хэмжээ юм. Тэгэхээр одоо төр засгийн зүгээс энэ асуудалд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Манайх шиг импортоос бүрэн хараат бусад улсын хувьд улсын нөөцөө хангалттай бүрдүүлдэг жишиг байдаг. Зарим улс бүр нөөцийн хуультай байдаг. Хямд үед нь их хэмжээгээр авч нөөцөлж, үнэ өсөх үед эрсдлээс хамгаалдаг. Тэгэхээр улсын хангалттай нөөцийн сав, нөөцлүүртэй байх шаардлага нэгдүгээрт тавигдах ёстой. Үүндээ хөрөнгө оруулалтаа хийж хараат бус байдлаа хязгаарлах урт хугацааны шийдлээ хийх хэрэгтэй. Энэ салбарын хүмүүсийн олон жилийн энэ саналыг үл ойшоодог байж болохгүй. Харин хангалттай шатахууны нөөцлүүртэй улс оронд л татвараар зохицуулалт хийж татварынхаа бааз суурийг боломжтой үед нь нэмэх арга хэмжээ авдаг. Тэрнээс манайх шиг ямар ч улсын нөөцгүй байж онцгой албан татвараар хэт их оролддог, татварын орлогоороо улсын төсвийг бүрдүүлэх гэж сүүлийн 20 гаруй жил татвараар зохицуулалт хийж байгаа нь зах зээлийн харилцаанд нөлөөлж, гажуудуулж байгаа нэг хэлбэр.
Өмнөх Засгийн газрууд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээс болж улсын төсөв асар ихээр тасалддаг байсныг манайхан санаж байгаа байх. Зарим жил нэг их наяд төгрөгийг зөвхөн Үнэ тогтворжуулах хөтөлбөрт зориулдаг байлаа. Түүнчлэн ам.долларын ханшийг 1300 төгрөгөөр тооцож зөрүү мөнгийг нь нөхөн олговор маягаар олгож амь аргацаах зүйлсийг хийдэг байсан. Товчдоо дүгнэхэд зах зээлийн харилцааг зохицуулах гэдэг, татвараар хэт их орлого хөөцөлдөх гэдэг үе үеийн Засгийн газрын бодлого, хандлагаолон жилийн хугацаанд дандаа буруу явж ирсэн. Одоо асуудалд илүү бодитой хандаж урт хугацааны гарц шийдлийг, хангамжийн тогтвортой нөөцтэй болохбодлогыг баримтлах хэрэгтэй. Улсын нөөц, нөөцлүүр савны асуудлаа шийдэл дээ. Тэгээд дараа нь тэр татвараа ярь, ярих гэж байгаа бол.
-Одоо тэгээд яах ёстой вэ. Засах боломж хэр байгаа юм бэ?
-Цаашид иймбуруу жишгээр асуудалд хандаж болохгүй. Манай улс хангалттай улсын нөөц сав, нөөцлүүргүй, хангамж нийлүүлэлт нь эрсдэлтэй учраасшатахууны үнийг тогтвортой барьж хэзээ ч чадахгүй. Засгийн газар өөрсдийн бодлогын сул талаа засаж залруулаагүй байж, шатахууны зах зээлээр орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, төсөв бүрдүүлэх хамгийн том механизм болгон ашиглаж ирсэн. Энгийн жишээ бол Монгол Улс 2014 онд шатахууны онцгой албан татвараас 22 тэрбум төгрөгийг төсөвт төврүүлсэн бол 2018 оны төсөвт 307 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэн төсөвлөсөн. 3-4 жилийн дотор татварыг 15 дахин нэмэгдүүлнэ гэдэг татварын бодлого хэр тогтворгүй байгааг харуулж байгаа. Мөн сүүлийн 10 жилийн онцгой албан татварыг 40 удаа дээш нь, доош нь хүчээр хэлбэлзүүлсэн. Зах зээл дээр үнэ нь маш хурдан хэлбэлздэг эмзэг мэдрэмжтэй бүтээгдэхүүнийг төр зохицуулж хэзээ ч чадахгүй шүү дээ. Төр засаг хэт их татвараар хөөцөлдөж зах зээлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх нь чухал уу, улс шатахууны найдвартай хангамжтай болж иргэд боломжит үнээр бензин авахнь чухал уу гэдэг өнцгөөс одоо асуудалд хандах хэрэгтэй.
-Зах зээлийн зарчмаараа явлаа гэхэд иргэдийг бухимдуулахгүй хэмжээнд үнэ байж чадах уу.
-Манайхан шиг улсын шатахууны нөөц нь хангалттай бус, нөөцлүүр савгүй улс татварын орлогод шунаж, төсөв бүрдүүлэх гэж улайрдаггүй. Өнөөдөр таван төгрөгөөр нэмэгдлээ гэхэд маргааш нь 10 төгрөгөөр буурдаг зах зээлийнхээ зарчмаар нь явуулах хэрэгтэй. Тэрнээс шинэ жил болох гэж байна, сонгууль боллоо, Засаг дөнгөж байгуулагдлаа гэдэг нэрийн дор стандарт бус зохицуулалт хийж хүчээр зах зээлийн харилцаанд нөлөөлөхөө болих хэрэгтэй. Үүнээс чинь болж огцом 200, 300 төгрөгөөр нэмэгддэг, 2-3 сараар хангамж доголдол үүсдэг асуудал бий болно. Харин зах зээлийн зарчмаар 10 төгрөгөөр нэмэгдэх ёстой байна уу долоон төгрөгөөр нэмэгдэх ёстой байсан уу эсхүл 20 төгрөгөөр буурах ёстой байсан уу гэдэгт хяналт тавих нь, иргэдээ шударга бус харилцаанаас хамгаалах нь төрийн ажил үүрэг. Үүнийгээ бид хийх ёстой. Тэрнээс зах зээлийг зохицуулж чадахгүй байж зохицуулах гэж оролддог, тохиролцох гэдэг төрийн бодлого нь өөрөө буруу юм.
Сэтгүүлч Э.ЭНХБОЛД