ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Малаасаа гадна бид малчдаа анхаарах ёстой
2018.01.28

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Малаасаа гадна бид малчдаа анхаарах ёстой

Өвөлжилт хүндэрсэн Ховд аймагт 580 тонн өвс, 350 тонн тэжээл олголоо.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг  баруун болон төвийн аймгуудын өвөлжилт,  орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Өвөрхангай,Баянхонгор Говь-Алтай, Ховд аймгуудад ажиллалаа.

Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн мэдээлснээр, тус аймаг 15125 малчинтай, 6863 малчин өрхтэй, 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3,6 сая малтай. Тус аймагт 1,2 сая төл хүлээж авчээ. Бүх төл малыг вакцинжуулж амжсан байна. Сүүлийн өдрүүдэд өдөртөө 22-30 градус, шөнөдөө 40 градус давж хүрч цочир хүйтэржээ.

Засгийн газрын 30 сая төгрөгийн санхүүжилт дээр ЗДТГ 15 сая төгрөг нэмж аймгийн аюулгүйн нөөцөд 200 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэсэн. Мөн аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд зориулж төсвийн тодотголоор Ховд аймагт 307,5 сая төгрөг олгосны 250 сая төгрөгөөр өвс худалдаж авсан байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Өнгөрсөн зун гантай байсан учраас Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч ажилласан. З0 сая, дараа нь 307 сая төгрөгийг өвс, тэжээлд зориулж Ховд аймагт шилжүүлсэн. Монгол Улс 66,2 сая мал тоолсон амжилттай яваа ч одоо бид малынхаа тоонд бус чанарт анхаарах шаардлагатай болсныг өвөлжилт хүндэрсэн энэ жил бид бодох ёстой” хэмээлээ. Б.Батзориг сайд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар мах, өөх, бүдүүвтэр ноосны чиглэлээр хонины “Сутай” шинэ үүлдэр гаргасан Ховд аймгийн ЗДТГ-т батламж гардуулан баяр хүргэлээ. 

ХХААХҮ-ийн сайд Онцгой комисст хандан “Отроор Ховдоос Говь-Алтай, Увс аймгуудад бараг сая шахам малтай 300-гаад өрх айл өвөлжиж байгаа. Малчдаа сэтгэл санаагаар дэмжээрэй. Энэ хүндрэлийг бид хамтын хүчээр л давж гарна. Малаасаа гадна хүнээ сайн анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, зудыг хохирол багатай давах ямар арга зам байгааг сайн ярилцаж таниулаарай. Хямд үнэтэй өвс тэжээлийн худалдааг бид аль болох малчинд ойртуулах тал дээр  тал дээр аймгийн хөдөө аж ахуйн газартайгаа хамтран ажиллаж байна. Ажилдаа эзэн болж хаа хаанаа сэтгэл зүтгэл нэгтэй байх цаг үе шүү” гэлээ.

Засгийн газрын нэгдүгээр сарын 19-ний хуралдаанаар шийдсэний дагуу Улсын нөөцөөс Ховд аймагт 400 тонн өвс хуваарилсныг 180 тонноор, 250 тонн тэжээл хуваарилсан байсныг 100 тонноор нэмэгдүүлэн Ховд аймагт олголоо.