Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг баталлаа
2017.12.21

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны 6 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан юм.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг тусган эцсийн хувилбарын төслүүдийг бэлтгэжээ. Ингэхдээ итгэмжлэлийн байгууллага нь тохирлын үнэлгээний итгэмжпэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах бөгөөд дүрмийг Засгийн газар батлах, аж ахуйн нэгж, байгууллагууд стандартчилал, төхникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан стандарт, аргачлалын дагуу уг хуульд нийцүүлэн боловсруулсан байгууллагын стандартыг хэрэглэх, үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардпагад нийцээгүй стандартаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглох тухай болон төслийн зарим заалтыг Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нийцүүлэх, “стандарт”, “техникийн зохицуулалт”, “тохирлын үнэлгээ” зэрэг нэр томьёоны тодорхойлолтуудыг ойлгомжтой болгох, хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зэрэг саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.

Түүнчлэн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэрийг болон зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай гэж өөрчлөх саналуудыг төслүүдэд тусгажээ. Ингээд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаархи анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг тусгаж, үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн засваруудыг хийсэн эцсийн хувилбарын төслүүдийг бэлтгэж гишүүдэд тараасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн асуултад Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва нар хариулт өгсөн юм. Ингээд Байнгын хорооны саналаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 44 нь буюу 81.5 хувь нь дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.

Мөн Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, хэмжил зүйн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2-77.8 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.