Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав
2017.12.20

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.12.20) хуралдаан 10 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, тодорхой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төсөл нь Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан юм.

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдэд танилцуулав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томьёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялгаж “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөх зорилгоор дээрх хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Түүнчлэн итгэмжлэлийн байгууллагыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэд байхаар төсөлд тусгасан байсныг өөрчилж, түүний бие даасан, хараат бус байдлыг хангах үүднээс асуудал эрхэлсэн сайдын дэргэд ажиллуулах зарчмын зөрүүтэй санал анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.    

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд” гэснийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуульд” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 8 нь буюу 72.7 хувь нь, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “стандартчилал, хэмжил зүйн асуудал,” гэсний дараа “тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал,”  гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн мөн 72.7 хувь нь дэмжлээ. Иймээс энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.