Түнш байгууллагуудын уулзалт боллоо
“Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлэн, малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна. Энэхүү төслийн хэрэгжилт, үр дүнг танилцуулахаар түнш байгууллагуудын уулзалтыг өнөөдөр ОБЕГ-т зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Шадар сайд О.Энхтүвшин, “Мерси Кор Монгол“ Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Рамеш Сингх, АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарын удирдлагууд, гадаад улсын Элчин сайдын яамд, хамтран ажилладаг Олон улсын байгууллагын ажилтнууд, малчид зэрэг 80 гаруй төлөөлөгч оролцсон.
“Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагын 2015 оноос хойш 16 аймгийн 171 суманд өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн үр дүн, явцтай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн наймдугаар сард Шадар сайд байхдаа танилцаж, уг үйлчилгээг энэ намраас эхлэн үндэсний хэмжээнд холбох боломжийг судлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн билээ.
Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сард Онцгой байдлын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Юнител, Мобиком, Скайтел, Жи-Мобайл ХХК-ийн удирдлагууд “Хамтран ажиллах санамж бичигт“ гарын үсэг зурсан. Ингэснээр малчид багийн түвшинд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай, өөрийн хүссэн үедээ авах боломж бүрдсэн.
Цаашид уг үйлчилгээг хөгжүүлэн малын өвчний гаралт, цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх боломжийг бүрдүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.