ДОХ, Сүрьеэгийн эрт илрүүлэгт онцгойлон анхаарна
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Глобаль Сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар глобаль сангийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаа бодлого, чиглэл, санхүүжилт, Монгол Улсад хэрэгжиж байгаа болон хэрэгжихээр батлагдсан хөтөлбөр төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн тогтвортой байдал, шилжилтийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хөтөлбөрийн талаар харилцан мэдээлэл солилцов.
Энэ үеэр Сайд Д.Сарангэрэл Монгол Улсад ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх чиглэлээр 2003 оноос хойш Глобаль сан тасралтгүй буцалтгүй тусламж үзүүлж ирснийг Засгийн газар өндрөөр үнэлж байгааг онцлон тэмдэглээд, эдийн засаг, нийгмийн хүндрэлтэй өнөө үед ч санхүүжилтээ үргэлжлүүлэн олгохоор болсон явдалд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Глобаль сангаас олгож байгаа санхүүжилтийг ДОХ, сүрьеэгийн халдварын идэвхтэй илрүүлэг, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хөтөлбөрийн хэрэгжилтэд бүх талуудын оролцоог хангах, зорилтот бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагаануудыг үр дүнтэй явуулах тал дээр онцгой анхаарч ажиллахаа мөн илэрхийлэв.
Ноён Аллан Нфамба Эрүүл мэндийн сайдад хандан Монгол Улс ДОХ, сүрьеэтэй тэмцэх чиглэлээр өнөөг хүртэл гаргасан ололт амжилтыг сайшаагаад, цаашид Монгол Улсын Засгийн газрын ДОХ, сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Глобаль сангийн зүгээс үргэлжлүүлэн дэмжиж, шилжилтийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.