Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажиллалаа
2017.11.10

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажиллалаа

Улсын Их Хурлаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэж байгаа энэ үед нийгмийг цочирдуулж буй бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг Лхагва гарагт (2017.11.08) Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ удаад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа нар өнөөдөр(2017.11.10) Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажиллалаа. Ажлын хэсгийн гишүүдийн хамт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж болон холбогдох бусад албан тушаалтнууд байлцлаа.

Ажлын хэсгийн гишүүд эхлээд тус байгууллагын шинжилгээний зургаан лабораторын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох ажилтнуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Энэ үеэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг Захиргаа, удирдлагын газрын дарга А.Энхболд хийсэн.

Танилцуулгад “Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн газраас нотлох баримтыг илрүүлэн бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг хийх, криминалистик, шүүх эмнэлэг, хими, биологи, ДНХ, бактериологи, физик, эдийн засгийн шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм” гэдгийг онцлов.

Өнөөдрийн байдлаар тус байгууллагад 507 албан хаагч ажиллаж байгааг дурдаад, энэ оны эхний 10 сард хийсэн ажлаа дэлгэрэнгүй тэрбээр танилцууллаа.

Ажлын хэсгийн гишүүд тус байгууллагад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн гаралт, давтамжийг илүүтэй лавлаж, тодруулахыг хүссэн юм.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, Бригадын генерал Д.Батжаргал хэлэхдээ, 2013 оноос эхлэн хүнд нөхцөлд ажиллаж ирсэн. Хоёр жилийн өмнөөс нөхцөл байдал дээрдэж, үйл ажиллагаа жигдэрч байгаа болно. Манай алба хаагчид хүнд нөхцөлд ажилладаг учраас сэтгэл зүйг засах, мэргэжлийн зөвлөгөө өгөх нь маш чухал байна. Мөн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүд та бүхэн ойлгож, анхааралдаа авахыг хүсье” гэв.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг сайжруулах, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ажлын хэсгээс анхаарал хандуулан ажиллах болно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.