Хүүхэд харах үйлчилгээний харъяаллыг БСШУЯ-нд шилжүүлнэ
Өнөөдөр /2017.11.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2018 оны төсвийн хууль, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Засгийн газраас 2018 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ хүүхэд харах үйлчилгээг Боловсрол, соё, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлэхээр оруулж ирсэн. Харин энэ асуудлыг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, З.Нарантуяа, С.Эрдэнэ, Н.Амарзаяа, М.Оюунчимэг нар ХНХЯ-нд хэвээр үлдээх санал оруулж ирсэн нь Төсвийн байнгын хороон дээр дэмжигдсэн. Харин өнөөдөр зарим гишүүд нь уг саналаа эргүүлэн татъя гэдгээ илэрхийлсэн юм.
М.ОЮУНЧИМЭГ: 2018 ОНЫ ТӨСӨВ ХҮҮХЭД ХАМГААЛАЛД ЭЭЛТЭЙ ТӨСӨВ БОЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
Энэ удаагийн төсөв хүүхдэд ээлтэй төсөв болж байна. Манай парламентын эмэгтэй гишүүд санаачилаад хүүхэд хамгаалах чиглэлийн төсвийг өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэлтэй оруулж ирсэн. Үүнээс гадна хүүхэдтэй холбоотой асуудлыг нэг дор багцалж, хуулийн хэрэгжилтэнд нь хяналт тавих ёстой гэдэг үүднээс асуудалд хандах хэрэгтэй.
Хүүхэд хамгааллын хуулиуд хэрэгжээд хоёр жил болж байгаа боловч болосвролын мэргэжлийн мэдлэгээр хангах оновчтой бүтэц байхгүйгээс энэ асуудал орхигдоод байгаа юм. Тиймээс ХНХЯ-ны харъяаллаас БСШУС-ын харъяалалд хүүхэд харах үйлчилгээний удирдлага, санхүүжилтийг шилжүүлэх саналыг эхлээд гаргасан.
Гэхдээ өнөөдөр эргээд харахад Боловсролын сайдын багцад байсан нь илүү оновчтой гэж харж байгаа учраас энэ саналаа татаж авч байна.
Өнгөрсөн жил хүүхэд хамгаалах дээр хууль хэрэгжсэн ч хангалттай төсөв байгаагүй. Миний бие санаачлаад 130 сая төгрөгийг Ерөнхий сайдын багцанд анх үлдээж байсан. Харин өнөөдөр манай эмэгтэй гишүүд маань нийлээд энэ удаагийн хүүхэд хамгааллын чиглэлд 4 тэрбум төгрөг тусгаж чадлаа. Энэ бол маш том амжилт. Хүүхэд хамгааллын хуулиуд хэрэгжихэд 10-аад тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
2018 онд хүүхэд хамгааллын чиглэлд том дэвшилт гарлаа гэж харж байна. Хүүхэд хамгаалалтай холбоотой зардлын 95 хувь нь зохион байгуулалт, цалин хөлс, усргал зардал руу явдаг. Дөнгөж таван хувь нь хүүхдийг эрхийг хамгаалахад зарцуулагдсан тооцоог 2015 онд гаргасан.
Н.АМАРЗАЯА: ЗАСГИЙН ГАЗАР ХАНГАЛТТАЙ ТАЙЛБАР ӨГӨӨГҮЙ
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
2018 оны төсвийн тухай хуульд өргөн барьсан томъёоллоороо хүүхэд харах үйлчилгээг БСШУЯ-нд хариуцуулахаар орж ирсэн. Улаанбаатар хотод энэ үйлчилгээ их дэлгэрсэн. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулан төрөөс хувийн хэвшлийг дэмжсэн зохицуулалт юм.
НББСШУ-ны байнгын хороон дээр энэ асуудлыг ярих үеэр бидний 6 гишүүн ХНХЯ-нд хэвээр үлдээх санал гаргаж дэмжлэг авсан.
Яагаад Засгийн газар 2018 оны төсвийн хуулийг өргөн барихдаа Боловсролын яаманд шилжүүлэхээр оруулж ирэв гэдэгт хариулт өгөөгүй. Энэ саналыг татаж аваагүй.
Ц.ЦОГЗОЛМАА: НОРМ НОРМАТИВЫГ ТОДОРХОЙЛЖ, СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
Хүүхэд харах үйлчилгээг зөв гольдролд нь оруулах шаардлага байгаа.
Халамжийн бодлого гэдэг юм уу, ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангаж байна гэдэг утгаараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаад ирсэн.
Боловсролын яаманд хариуцуулахад стандартад нь нийцүүлээд явна.
Хэрэв хүүхдийн асуудал учраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд байх ёстой гэж үзвэл бас дургүйцэх зүйл байхгүй. Тодорхой л байх ёстой.
Нэг зүйлийг анхаараарай, цэцэрлэг, сургууль Боловсролын яаманд харьяалагддаг хэрнээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд шилжүүлчихсэн байгаа. Тийм учраас асуудлаа засаад явах ёстой гэдэг утгаар саналаа илэрхийлээд явсан.
Д.ОЮУНХОРОЛ: БОЛОВСРОЛЫН ЯАМАНД БАЙХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗЛЭЭ
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
Хүүхэд харах үйлчилгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэвээр үлдээе гэсэн саналаа буцааж татъя. Бодлого стандарт шаардлагын хувьд, багшаа бэлтгэхийн хувьд Боловсролын яаманд байх нь зөв гэж үзлээ.
О.БААСАНХҮҮ: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫГ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМАНД ХАРЪЯАЛУУЛАХ НЬ ЗӨВ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Боловсролын яам хүүхэд хардаг яам биш. Цэцэрлэг, сургуультай холбоотой бодлого зохицуулдаг. Хүүхдийн эрхийг Хүүхэд хамгааллын төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хангах ёстой. Хүүхэд гэж ярьж байгаа юм чинь Боловсролын яаманд тавьчихъя гэж хандаж болохгүй.