2017.11.10

Б.Саранчимэг: Агаарын бохирдлын чиглэлээр цогц бодлого гаргаж байж үр дүнд хүрнэ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Асуудалтай холбогдуулан гишүүд салбарын сайд болон Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б. Саранчимэг 

Агаарын бохирдлыг бууруулахад 2011-2017 онд Улсын төсвөөс 94.7 тэрбум төгрөг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн арга хэмжээнд 2008- 2014 онд 49.6 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна гэсэн тооцоо гарсан байдаг. 2008-2016 онд 7 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж 60 орчим сая ам, долларын зээл тусламжийн хөрөнгийг олгосон байгаа.

Энэ бол багагүй хөрөнгө оруулалт. Харин хөрөнгө оруулалт үр дүнг хүрээгүй гэдгийг харуулж байгаа. Харин сая 2016 онд эдийн засгийн хямралтай холбогдуулаад 5 хан тэрбум төгрөг тавьсан. Харин энэ онд 17.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байгаа. Бид одоо зуух, түлш тараах, яндан солих биш. Засгийн газар цогц бодлого гаргаж байж үр дүнд гарна. Энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр хэдэн хувь бууруулна гэж үзэж байна вэ? Ер нь үр дүнд хүрэхийн тулд цогц дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөр, зарцуулсан төсөв, үр дүн дээр цогц дүн шинжилгээ хийсэн үү?

Мөн нөгөө талаасаа барилгажуулах асуудлыг ярьж байна.Дахин төлөвлөлт гэж айлуудын газрыг чөлөөлүүлээд, нөгөө айлууд нь гэр оронгүй байгаад байгаа. Энэ тал дээр ямар бодлоготой байгаа вэ?

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариулт хэлэв.

2017 оны 03 сарын 27 нд Монгол улсын Засгийн газраас гаргасан "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг" 2025 онд хүртэл хэрэгжүүлээд тухайн 2016 оны суурь үзүүлэлт дээр тулгуурлан 80 хувиар бууруулна гэж тооцож байгаа. Мөн барилгажуулалт, дахин төлөвлөлт зэрэгтэй гадаад, дотоодын санхүүжилтээр хөрөнгө оруулалтыг нь шийднэ. Мөн улс болон орон нутгийн төсвөөс 200 мянга гаруй тэрбум төгрөгийг зарцуулах шаардлагатай байгаа.