Х.Баттулга: Утаанаасаа салж байж улс орон хөгжинө
- Улстөржихгүйгээр утаанаасаа салъя. Улстөржихгүйгээр улс орноо хөгжүүлье-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг зохион байгуулж байгаа яамд, гадаадын болон олон улсын байгууллагууд, оролцож байгаа төлөөлөгч, зочдод өдрийн мэнд хүргэе.
Өнөөдөр бид хамгийн их мэддэг болон хамгийн их мэддэггүй сэдвээрээ чуулж байгаа юм. Утааны тухай бид олон жил ярьсан. Шийдлээ олоогүй байгаа. Шийдлээ олоогүй байгаа учраас мэддэг мөртлөө мэддэггүй сэдэв гэж байгаа юм.
1990 оноос хойш өнгөрсөн 27 жилийн хугацаанд бидний шийдэж чадаагүй хамгийн том эмгэнэлтэй асуудал нь утаа. Бид өнөөдөр утаагаа шийдэж чадахгүй бол, Улаанбаатартаа амьдрах нөхцөл бүрдэхгүй бол улс орноо удирдаж чадахгүй. Улс төрөө ойлгож чадахгүй. Энэ дээр та бүхэн санал нэг байгаа байх аа гэж бодож байна. Утаагаа шийдсэний дараа бид улс орноо хөгжүүлнэ.
Энэ Үндэсний чуулганаас шинээр байгуулагдсан Засгийн газар, шинээр томилогдсон Ерөнхий сайд, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч би, бид хамтдаа зөв шийдэлтэй гараасай гэж хүсч байна.
2010 оны 6 дугаар сарын 23-нд УИХ-аар Монгол Улсыг дунд хугацаанд хөгжүүлэх хөгжлийн бодлогыг баталсан. Үүгээр бид юу баталсан бэ гэхээр энэ уудам нутагтай Монгол орныг ямар байдлаар хөгжүүлэх вэ? Хөгжүүлэхдээ ХАА-н салбар буюу малчдаа бас давхар хөгжүүлье. Хөдөөгийн малчдынхаа ахуйг өөрчилье. Ахуй гэдэг нь алслагдсан сумдынхаа ахуй нөхцөлийг шийдээд, малын гаралтай түүхий эдийг ХАА-н биржээр дамжуулж арьс шир, ноос ноолуурын үйлдвэрт нийлүүлдэг циклтэй байя гэсэн хөгжлийн бодлогыг тодорхойлсон юм. Нийт 10 сая ширхэг арьс боловсруулах үйлдвэр, ноос, ноолуурын үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр энд багтсан.
Харамсалтай нь УИХ-аас гаргасан энэ бодлогыг үе үеийн Засгийн газар дэмжиж ажиллаагүй. Сэтгэл дутсан.
Өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэхэд өнгөрсөн 27 жилийн хугацаанд, энэ 27 жилд байсан УИХ, Засгийн газрын гишүүд, улстөрчид гэж нэрлэгддэг бид нарын буруу бас их байгаа юм. Би Үйлдвэр, ХАА-н сайд байхдаа энэ хөгжлийн бодлогыг оруулж байсан. Хөдөөгийн хөгжил гэж та бүхэн мэдэж байгаа байх. Алслагдсан 100 сумаасаа эхэлье гэсэн. Ингээд Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг гэсэн хоёр сумыг жил зургаан сарын хугацаанд барьж дуусгасан. Энд 20 ортой нэгдсэн эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, сумын захиргааны барилга, 250 хүний суудалтай спорт, соёлын иж бүрэн цогцолбор байгуулагдсан. Гаднаа хөлбөмбөгийн талбайтай. Эндээс хоцорч яваа нь ХАА-н бирж, боловсруулах үйлдвэр.
Үүнийг би яагаад дахиж яриад байна вэ гэхээр энэ нь УИХ, Засгийн газар дээр “Хөдөөд их мөнгө цацлаа” гэж асар их шүүмжлэл дагуулдаг. Бид өнөөдөр хөдөөдөө мөнгө цацаж, хөдөөгөө хөгжүүлэхгүйгээр энэ их нүүдлийг зогсоож, газаар нутгаа эзэнтэй байлгаж чадахгүй.
Тийм учраас 2010 онд батлагдсан Хөгжлийн бодлогыг шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайд маань эргэж харж, төрийнхөө бодлогыг үргэлжлүүлж яваасай гэж чуулганы нээлт дээрээс хүсье.
Утааны тухай бид олон жил ярьсаар байгаад энэ нь бизнес болж хувирсан. Өнгөрсөн хугацаанд ямар их мөнгө юунд зарцуулсныг энэ чуулганаар ярих байх. Гадна, дотнын хэчнээн олон сая ам.долларыг утаагүй зуух, нүүрс, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулсан бэ гэсэн статистик тоо гарах байх. Энэ тоог бид олон жил ярьсан. УИХ-аар 2010 онд баталсан Хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэх юм бол тэнд шийдэл нь байна.
Нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Үүнээс 51-ээс илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Өнөөдөр гэр хороололд байгаа хүмүүс яагаад гэр хорооллоосоо салахгүй нүүрс түлээд байна вэ гэвэл тэр хүмүүсийн орлого тогтмол биш. Өрхийн орлого нь орон сууцны моргейжид орох боломж байхгүй. Энэ нь дахиад ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой. Тогтмол орлого байхгүй, тогтмол ажил байхгүй.
Үүн дээр олон юм ярихгүйгээр дахин хэлье. Шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайд маань анхаарч ажиллаад, дараагийн сонгууль хүртэлх хугацаанд ажилгүйдэл, ядуурал, утаагаа зэрэг шийднэ гэсэн сэтгэлтэй Засгийн газар гарсан гэж би ойлгож байгаа. Шийдлүүд нь бүгд байгаа.
Улаанбаатар хотыг өнөөдөр яах вэ? Бид дагуул хотуудыг хөгжүүлэх ёстой. Дагуул хотуудын төслийг би ЗТХБ-ын сайд байхдаа ҮАБЗ-ийн бодлогын дагуу гаргасан. Германы өндөр мэргэжилтэй эрдэмтэд, архитекторуудаар төслийг хийлгэсэн. Энэ нь Төв аймгийн нутагт байрлах Майдар хот. Энд 300-400 мянган хүн амьдарна. Эко хот болно. Бид шинэ хотыг засаг захиргааны хот болгоно.
Яамд, гадаадын Элчин сайдууд, их, дээд сургуулиуд, өнөөдөр ашиглаж чадахгүй байгаа байгалийн музей, үзэсгэлэн зэргийг засаг захиргааны хот руу нүүлгэж Улаанбаатар хотоос гаргая.
Тэнд 300-400 мянган хүн амьдраад эхлэх юм бол Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийг хийе гэсэн төлөвлөгөөг УИХ, Засгийн газарт оруулсан байгаа.
Харамсалтай дахиад улстөржилт гэдэг зүйл бидний толгой дээр гараад суучихсан. Атгаг бизнес, улстөрийн бүлэглэл энэ ажлыг бүгдийг гацаачихсан байгаа юм.
Утааныхаа асуудлыг бид шийдэж чадахгүй бол улс орныхоо асуудлыг шийдэж чадахгүй гэдэг дээр энэ чуулган маань нэгдсэн саналтай баймаар байгаа юм. Улаанбаатар хотын төлөвлөлт, хөдөөгийн төлөвлөлтүүдийг бүгдийг нь ҮХАА-н сайд байхдаа гаргаж байсан. Дагуул хотуудыг ЗТБХБ-ын сайд байхдаа гаргаж, судалж байсан юм. Энэ шийдлүүдийг, 2010 онд УИХ-аас гаргасан хөгжлийн бодлогыг эргэж хараач ээ гэж чуулганд оролцож байгаа бүх хүнээс хүсье.
Өнөөдөр улстөржихгүйгээр утаанаасаа салъя. Улстөржихгүйгээр улс орноо хөгжүүлье гэдгийг дахин дахин хэлээд байгаа юм.
Утаанаасаа салж байж улс орон хөгжинө гэдэг дээр Үндэсний чуулганаас зөвлөмж гаргаарай гэж хүсье. Та бүхэнд баярлалаа” гэлээ.