Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангах асуудлын хүрээнд нийслэлийн болон хүн ам ихээр төвлөрсөн төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнг дээшлүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, дунд, урт хугацааны бодлого, үйл ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах чиглэлд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд энэхүү чуулганы зорилго орших юм.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган хийснээр:
- -Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, урт, дунд хугацааны бодлого, үйл ажиллагааг тодорхойлох,
- - Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд оролцох иргэд, олон нийтийн оролцоог тодорхойлох,
- -Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Уг үндэсний чуулганд төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, ТББ, агаарын бохирдлыг буруулах чиглэлд ажилладаг эрдэмтэн, судлаачид, утаа гаргадаггүй халаалтын систем үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцоно.
Үндэсний чуулганы өмнө Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 3 удаа салбар хуралдаан, хэлэлцүүлэг болох юм.
Өнөөдөр буюу 10 дугаар сарын 18-нд 14:00-18:00 цагийн хооронд “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам”, 19-ний өдөр “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам”, 20-нд “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр тус тус салбар хуралдаан, хэлэлцүүлэг хийнэ.
Өнөөдөр болох “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан, хэлэлцүүлгийн үеэр “Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлын өнөөгийн байдал, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрлэх арга зам”, “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа”, “Гэр хорооллын агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд”, “Гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай”, “Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” зэрэг сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.
Энэхүү хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх болон ЭМЯ, БОАЖЯ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Эко клуб, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлнэ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд гарсан саналуудыг нэгтгэн танилцуулах юм.