Сонгинохайрхан дүүрэг байгуулагдсаны 25 жилийн баярын хурал боллоо
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 онд тухайн үеийн Октъябрийн районыг хоёр хувааж, Сонгинохайрхан дүүргийг шинээр үүсгэн байгуулсан түүхтэй.
Анх УИХ-ын 1992 оны 18-р тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ыг 100 төлөөлөгчтэйгөөр байгуулж, 10 сарын 1-ний өдөранхны хуралдаанаа хийн, Сонгинохайрхан дүүргийг байгуулах тухай тогтоол гаргаж албан ёсоор байгуулжээ.
Ийнхүү 1992 оны 11 сарын 20-ны өдөр дүүргийн анхны Засаг дарга Ж.Цэндсүрэнгийн Б/53 дугаар захирамж гарч Засаг, захиргааны хэлтэс, Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Цэрэг иргэний хамгааллын хэлтэс, Хянан байцаах хэлтэс, Хүн амын бодлого, хөдөлмөрийн хэлтэс, Статистик мэдээллийн хэлтэс гэсэн 7 хэлтэс, 16 хороотой байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Улмаар 2000-2004 оны хооронд хороодыг 21 болгон нэмэгдүүлж, 2004-2008 оны хооронд 26 болгосон бол өдгөө 32 хороотойгоор ажиллаж байна.120.6 мянган га газар нутагтай Сонгинохайрхан дүүрэг өдгөө 315.802 мянган хүн амтай өнөр бүл болжээ.
Дүүргийн хүн амыг насных нь ангиллаар нарийвчлан авч үзвэл өндөр настан 24.334, цэцэрлэг сургуулийн насны хүүхэд 79.980 байгаа бол үлдсэн 204 гаруй нь хөдөлмөрийн насны иргэд байна.
Дүүрэгт маань сургуулийн насны 55.646 хүүхэд байгаагийн 44.003 нь сургуульд хамрагдан сурдаг бол цэцэрлэгийн насны 31.770 хүүхдийн 20.987 нь цэцэрлэгээр хүмүүжиж байна. Эдгээр хүүхдүүд дүүргийн хэмжээн дэх төрийн өмчийн 25 сургууль, 43 цэцэрлэг болон бусад хувийн хэвшлийн 7 сургууль, 48 цэцэрлэгт хамрагдан суралцаж байна.
Манай дүүрэг нийт 85 мянган өрхтэй бөгөөд тэдний 24 хувь нь орон сууцанд үлдсэн 76 хувь нь гэр хороололд амьдарч байна. Газар нутгийн тухайд 77 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 19 хувийг ойн сав газар, 3.5 хувийг зам шугам сүлжээ бүхий барилгажсан газар эзэлж байна.
Дүүргийн 25 жилийн ойн баярын хуралд УИХ-ын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, дүүргээс нийслэлд сонгогдсон төлөөлөгчид дүүргийн удирдлагуудаас гадна үе үеийн ахмадууд, иргэд оролцлоо. 25 жилийн түүхэн замналаа ярилцахаас гадна ирээдүйн хөгжлөө хамтдаа тодорхойлж салбар бүрт ажил үйлсээрээ манлайлсан иргэдээ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хангарьд одон, нийслэлийн хүндэт иргэн, дүүргийн 25 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.