БСШУС-ын сайд БНПУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав
2017.10.26

БСШУС-ын сайд БНПУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа  Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендаг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол улс, БНПУ-ын хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг онцолж, цаашдаа боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хооронд “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөр"-ийн гэрээг шинэчлэн байгуулах талаар тохиролцов. Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр 25 оюутан БНПУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд цаашид 2 улсын их сургуулиудын хооронд дижитал банк санхүүгийн чиглэлээр хос дипломтой суралцуулах боломжтой гэдгээ БНПУ-аас суугаа элчин сайд Михал Лабенда ярилаа. 

Бүгд Найрамдах Польш улсад багш, сурган хүмүүжүүлэгчид, ялангуяа тусгай сургуулийн багш нарыг хоёр долоо хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, зардал мөнгийг нь хамтарч гаргах талаар санал солилцов. Уулзалтын үеэр Шинжлэх ухааны салбарт 2 улсын салбарын яам хооронд археологи, палеонтологийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг ойрын хугацаанд зурах төлөвлөгөөтэй байгаагаа 2 тал илэрхийлсэн. Мөн энэ үеэр Монгол-Польшийн соёлын өдрүүдийг зохион байгуулах талаар ярилцлаа.