Ц.Цогзолмаа: БСШУСЯ зөвхөн боловсролын салбарын яам биш
Шинэ Засгийн газрын гишүүд ажилдаа ороод 7 хоног гэж байна. Сайд бүр өөрийн хариуцсан салбарын ажилдаа ханцуй шамлан орж, эхнээсээ шийдвэрүүд гарган ажлаа эхүүлээд байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сайдаар томилогдох үедээ "салбарт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандаж, яамны хүрээнд хамарч буй бүх салбарыг орхигдуулахгүйгээр жигд авч явах бодлого баримтлана" гэдгээ илэрхийлсэн.
Ингээд түүний УИХ-ын чуулганы үеэр илэрхийлсэн байр суурийг тоймлон хүргэе.
Багш, эмч нарын цалин хөлс
Багш нарын цалинг нэмэх асуудал Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн түвшиндээ явж байгаа. Харин шинээр томилогдсон салбарын сайд чуулганы үеэр энэ асуудалд гарц байгаа гэж харж байгаагаа чуулганы үеэр хэлсэн. Тодруулбал тэрээр багш нарын үндсэн цалинг биш урамшууллыг нь нэмэгдүүлэх байдлаар шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа аж. Үүнийхээ дагуу тэрээр “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны төлөөлөгчидтэй уулзаж, хоёр чиглэлээр цалингийн эх үүсвэрийг судлан ажиллаж байгаагаа хэлжээ.
Шинжлэх ухааны салбар
БСШУС-ын яам боловсролоос бусад салбараа орхигдуулах хандлагатай байдаг гэж УИХ-ын гишүүд шүүмжилж байсан. Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа бүх салбараа эн тэнцүү авч явна гэдгээ илэрхийлсэн юм. Тэрээр шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлогыг гаргаж, энэ салбарт чиглэлсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрдэмтдийн бүтээлийг дэмжих бодлого барина гэж хэлсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
Тэрээр гишүүнийхээ хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах тал дээр дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Харин салбарыг удирдах болсноор хийсэн ажлуудаа илүү бататгаж, ул суурьтай хандах боломж гарч ирж буй юм. Чуулганы үеэр тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал дээр цогц бодлогоор хандаж, олон улсын жишигт нийцсэн суралцах орныг бий болгох чиглэл дээр ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Спортын салбар
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва спортын салбарт ямар бодлого барьж ажиллахыг асуусан. Үүнд Ц.Цогзолмаа: “Биеийн тамир, спортын хүрээг зөвхөн олимпизмын хүрээнд харж байгаа байдлаас гарах ёстой. Бүх нийтээрээ эрүүл байх дадал хэвшлийг сургуулийн өмнөх боловсролоос эхлүүлээд насан туршид нь эрүүл хүн болгох концепцоор энэ салбарыг авч явна” гэж хариулсан юм.
Боловсролын салбар
Боловсролын салбарын ойрын, дунд, урт хугацааны хөгжлийн стратегийн баримт бичгийг боловсруулах шаардлага тулгарч байгаад анхаарч ажил хэрэг болгоно гэдгээ БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа илэрхийлсэн. Сургалтын хөтөлбөр, стандартыг боловсронгуй болгох, сурах бичгийг журамлах ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ, боловролын үйлчилгээний тэгш бус байдлыг арилгаж, хүүхдийн хэрэгцээ, системийн хоцрогдлын заагийг ойртуулахад анхаарч ажиллана гэдгээ хэлсэн юм.