2017.10.26

Төрөөс мөнгөний талаар 2018 онд баримтлах бодлогыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Өнөөдөр /2017.10.26/ УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2018 онд баримтлах бодлогыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төслийн танилцуулгыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уншиж танилцууллаа.

Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Инфляцийг 2018-2020 онд 8 орчим хувьд тогтворжуулах, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлж, уян хатан тогтоох зарчмыг үргэлжлүүлэх, банк санхүүгийн байгууллагын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зэрэг бодлого чиглэлүүдийг тусгасан байна.

Тогтоолын төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монголбанк импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлийн мөнгөний хатуу бодлого түлхүү тусгаж хэрэгжүүлэх, Монголбанк Засгийн газартай хамтран аль чиглэлийн салбарыг дэмжих ёстойг тодорхой болгох,

УИХ-ын гишүүн Б.Жавхлан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр эрхзүйн орчноо яаралтай шинэчлэхэд онцгой анхаарах, зээлийн хүүг бууруулах асуудлыг үр дүнтэй, бүтээлч хэлбэрээр шийдэх, ялангуяа энэ талаар тогтоолын төсөл тусгахдаа богино, дунд, урт хугацааны ангилсан байдлаар тодорхойлох,

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнгөрсөн жил гаруйн хугацаанд Монголбанк сайн ажилласан. Илүү сайн ажиллах шаардлагатай. Ялангуяа валютын ханш бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, төсөлд зээлийн хүү, валютын ханшийн дээд хязгаарыг бодлогоор тогтоож өгөх,

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2018 оны төсөв мөнгөний бодлогын баримт бичгийн төслийн хоорондын уялдааг эргэж харах, инфляцтай тэмцэх чиглэлээр тодорхой бодлого, чиглэл боловсруулж хэрэгжүүлэх, валютын ханшийг бууруулах тогтворжуулах чиглэлээр түлхүү анхаарч ажиллах, дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудлыг төр хэрэгжүүлэх асуудлыг Монголбанк авч үзэх, зээлийн хүүг ойрын хугацаанд 1 оронтой тоонд оруулах зорилт тавьж ажиллах,

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Монголбанкны бодлогын хүү буурч байж, арилжааны банкны зээлийн хүү буурах учраас бодлогын хүүг бууруулахад анхаарах, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг Монголбанк ойрын үед оруулж ирэх, академын удирдлагын тухай хуулийн төслийг яаралтай УИХ-д өргөн мэдүүлэх,  Монголбанкны төгрөгийн санг 100 тэрбумаар нэмэгдүүлэх асуудлыг хуульд нийцүүлэх талаар анхаарах болон одоо байгаа 6 хувьтай инфляцыг 8 хувь болгож өсгөхөөр оруулж ирсэнийг дэмжих боломжгүй зэрэг саналуудыг гаргасан.

Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхи төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.